Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.20 14:46
855
Хятадад газрын ховор элементийн маш том орд илрүүлжээ

Хятадын Юннан мужид, Вьетнам, Лаос, Мьянмартай залгаа нутагт газрын ховор элементийн том орд илрүүлжээ.

Дунд зэргийн, мөн хүнд газрын ховор элементийн хамгийн том ордод тооцогдож байгаа энэ орд Хятадын стратегийн байр суурийг бэхжүүлж байгааг хэвлэлүүд онцлон тэмдэглэж байна.

Газрын ховор элемент нь зарим тодорхой үйлдвэрлэл, батлан хамгаалах системийн чухал түүхий эд. АНУ, Хятадын хоорондох худалдааны дайны гол хэрэгсэл, түлхүүрийн нэг. Хятадын Газар зүйн албанаас мэдээлж буйгаар, шинээр нээгдсэн орд нь 1.15 сая тн нөөцтэй, үүний 470.000 тн нь прасеодимио, неодимио, диспросио, тербио зэрэг ховор элемент ажээ.

Хятадууд анх 1969 онд төвийн хэсгийн Жианши мужийн нутгаас газрын ховор элемент илрүүлж байв. Хятад улс газрын ховор элементийн дэлхийн том олборлогч. Галио хэмээх элементийн 95, германио элементийн 67 хувийг хятадууд дангаараа хангадаг. Зай, галын дөлийг удаашруулагч болон стратегийн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг антимонио хэмээх металлын экспортыг хязгаарлах болсноо Бээжин өнгөрсөн наймдугаар сард зарласан юм. Үндэсний аюулгүй байдлын үүднээс газрын ховор элементийг хянах, экспортод хязгаарлалт хийх шийдвэрийг саяхан гаргажээ.