Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь ганцхан СЭМҮТ үзүүлдэг. Гэвч тус төв өнөөдрийг хүртэл түүхий нүүрс хэрэглэж халаалтаа шийддэг байна. Тус төвийн удирдлагуудаас төвийн шугамд холбож өгөхийг үе үеийн дарга нараас гуйдаг ч өнөөдрийг хүртэл шийдүүлж чадалгүй түүхий нүүрстэйгээ зууралдсан хэвээр байгаа юм. Хэвтэн эмчлүүлэгсдээ дулаан байлгах, эмнэлгээ хөлдөөчихгүйн үүднээс 9 сараас 6 сар хүртэл гал түлж халаалтаа шийддэг байна. Мөн байгаль орчны үнэлгээгээр агаарын бохирдлын эх үүсвэр болж байна гэх дүгнэлт ч гарчээ. Гэвч агаарын бохирдлын томоохон эх үүсвэр болоод буй СЭМҮТ-ийг төвийн шугамд холбох ажил хөрөнгө санхүүгээс болж гацаж, холбогдох албанаас нь ч ямар нэгэн дорвитой арга хэмжээ авалгүй өдөр хоногийг элээсээр... Тиймээс тус төвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн О.Баатаржаваас тодрууллаа.
-Өнөөдрийг хүртэл СЭМҮТ түүхий нүүрс хэрэглэж байна. Төвийн шугамд холбогдоход нь ямар асуудал тулгамдаж өнөөдрийг хүртэл түүхий нүүрс хэрэглэж байгаа талаар эхлээд та мэдээлэл өгнө үү?
-СЭМҮТ 1970-аад оноос өнөөгийн байршилдаа байршсан байдаг. Одоогийн байдлаар 6 объекттой үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Амгалан станцаас 1.5-2 км холболтын ажил хүлээгдэж байгаа. Зураг төсөл, техникийн тооцоолол зэргийг нийслэлийн захирагчийн албанаас тооцоод дуусчихсан.
Шар хад дэд төвийн бүх ажил нь дуусчихсан. Одоогийн байдлаар санхүүжилт дээр гацчихсан байгаа. Манай хамт олон эрүүл мэндийн яам, нийслэлийн засаг дарга, байгаль орчны яаманд хүсэлтээ гаргасан.
Манай эмнэлэг 550 ортой, 450 ажилтантай. Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд түүхий нүүрс түлэхээс өөр аргагүй байгаа. Манай төв 2025 оныг дуустал түүхий нүүрс түлэх зөвшөөрлөө авчихсан байгаа.
Объектуудаа хийн зуухаар халаах төслийг хөөцөлдөж байсан. Гэвч 1 объект халаах л боломжтой, үлдсэн 5 объектоо уурын зуухаараа халаа гэсэн хариу өгсөн байдаг. Тиймээс бид татгалзсан. Учир нь нэгдсэн байдлаар 6 объектоо халааж, төвлөрсөн дулааны шугамд холбогдох гээд бэлтгэл ажлаа хангаад хүлээж байгаа.
-Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэх захирамж гараад удаж байгаа. Харин СЭМҮТ энэ жилд л гэхэд 400 орчим сая төгрөгийн түүхий нүүрс худалдан авч, гар аргаар галлаж, агаар орчны бохирдолд нөлөөлж байна. Мөн агаар орчны судалгаа хийлгэсэн байсан. Тус судалгааны талаар мэдээлэл өгвөл
-Манайх халаалтын 4 тогойтой. 2 нь хуучирсан бол 2-ыг нь 2 жилийн өмнө суурилуулсан. Байгальд ээлтэй, сүүлийн үеийн халаалтын тогоо байгаа. Түүхий нүүрс хэрэглэж байгаа учир бид байгаль орчны үнэлгээ хийлгэсэн.
Судалгаагаар агаарын бохирдлын эх үүсвэр болж байна гэх дүгнэлт гарсан.
Тиймээс бид уурын зуухандаа утааг саатуулдаг, шүүгч төхөөрөмж тавьсан. Жил болгон л 400 орчим сая төгрөгөөр тендерээр нүүрс худалдаж авдаг. Гэхдээ нийслэлийн захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрлөө жил жилдээ сунгуулдаг. Бид яаралтай засгийн газар, эрүүл мэндийн яам, байгаль орчны яам зэрэг бусад холбогдох байгууллагуудын тусламжтай төвлөрсөн дулааны шугамд холбогдох хүсэлтэй байгаа. Сүүлийн жилүүдэд сэтгэцийн эмгэг хүн амын дунд ихсэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай төвөөр үйлчлүүлэх хүн амын тоо эрс нэмэгдэж байна.
-Төвлөрсөн дулаанд холбогдоход яг ямар асуудал дээр гацаад байгаа вэ
-Дулаанд холбогдох зураг төсөл, эдийн засгийн тооцоолол нь гарчихсан байгаа. Хөрөнгө оруулалтын асуудал дээр гацаад байгаа. Манайх эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг. Тийм учраас өөрийн орлого, хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй хүрэхгүй байна. Тиймээс холбогдох байгууллагуудаас яаралтай төвийн шугамд холбож өгөхийг хүсэж байна.
-Хүсэлтээ тавихаар холбогдох байгууллагууд нь ямар хариу өгдөг вэ?
-Шар хал, Сэлбэ, Баянхошуу дэд төв гээд дараалалтай үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Энэ болон бусад зохион байгуулалттай холбоотой юм болов уу л гэж харж байна.
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгууд 1960, 1970-аад онуудад баригдсан насжилт өндөртэй барилгууд байдаг. Төвлөрсөн шугамд холбогдсон ч гэсэн 2-р хэлхээний шугамууд дийлэхгүй энд тэндээ задарч, буудах эрсдэл үүсэж болзошгүй гэх зүйл яригдаж байсан. Үүнийг дагаад маш том засвар хийх шаардлага үүсэж байна гэж харж байна
-2025 ондоо төвлөрсөн шугамаас ирж байгаа дулааны ачааллыг даах, 6 объектын хооронд явж байгаа дулааны шугам, бохир цэвэр усны хоолойны халаалтын шугамуудаа солих ажлыг бид өөрсдийн нөөц хөрөнгө, бололцоогоороо бэлдэж засна.
Одоогийн байдлаар манай шугам солигдоогүй маш их удсан байгаа. Хуучирчихсан байгаа учир ачаалал даахгүй байх эрсдэлтэй гэж манай инженер, техникийн албанаас дүгнэлт гаргаад байгаа.
Шууд дамжуулалт: