Албан болон албан бусаар 1,8 сая хүн аж төрж буй улсын нийслэлд 2024 оны байдлаар 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, өдөр тутам 500 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Замынхаа даацаас даруй тав дахин их тээврийн хэрэгслүүдийг багтаах авто зогсоол ч бас байхгүй.
Нийслэл хотын хэмжээнд 2021 оны байдлаар 200 мянга орчим машины багтаамж бүхий 72 667 авто зогсоол бүртгэгдсэнээс 37 мянга нь олон нийтийн зогсоол байж. Гэтэл нийслэлийн гудамжаар өдөр тутам хагас сая тээврийн хэрэгсэл хөлхөлдөж буй. Тэд байнга гэрийнхээ гадаа зогсоод байхгүй. Ажилдаа явна, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэнэ. Дэлгүүр хоршоо хэснэ. Тэр бүхэнд зогсоол хэрэгтэй. Гэтэл байгаа зогсоолууд нь хаанаа ч хүрэлцдэггүй.
Тэгсэн атлаа “ачлагын” гэх компаниуд байгуулж, зогсоолд тавьсангүй гээд иргэдийнхээ машиныг бөөн бөөнөөр нь ачуулдаг, тэртээ тэргүй түгжрэлд хамаг цаг, нервээ барж байгаа нийслэлчүүддээ нэмээд санхүүгийн дарамт “бэлэглэдэг” эмгэнэлт дүр зураг манайд бий.
Зогсоол дутмаг, жолооч нар нь зогсох газар хайж, орох газрынхаа орчимд эргэж тойрсоор байдаг нь түгжрэл нэмэгдүүлэх бас нэг хүчин зүйл болдог.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/231 тоот захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсгээс 2022-2026 онд ил болон давхар, газар доорх гэсэн гурван төрлөөр нийт 13.097 автомашины зогсоолыг шинээр болон дахин төлөвлөхөөр тооцсон байв. Гэтэл өнөөдөр шинээр барьж, ашиглалтад оруулсан нэг ч зогсоол алга.
Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 4,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 320 автомашины зогсоол барихаар ажил нь эхэлж, хучилт хийгдсэн ч 186-г үлдээж, 124 машины зогсоол буюу нэг га газар дээр 69:27 метр хэмжээтэй, хоёр давхар, зоорьгүй үйлчилгээний зориулалттай барилга барихаар болсон байна. Энэ ажилд 10,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм.
Улаанбаатар хот үйлчилгээний төвөөр дутаагүй. Харин зогсоолоор “өлсөж” байгаа. Гэтэл 320-хон машины зогсоолоос гуравны нэгийг нь үйлчилгээ болгон хувиргаж байгаа энэ шийдвэрийн цаана хэний эрх ашиг нуугдаж байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Нийслэл хотод нийтийн авто зогсоолын үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй өмчийн хэлбэр харгалзахгүйгээр гэрээ байгуулж, үйл ажилагааг нь менежмэнтээр хангах чиг үүрэг уг нь Замын хөдөлгөөний удирдлагын төвд байдаг. Уг төв одоогийн байдлаар 76 авто зогсоолтой гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр зогсоол нь 1989 машины багтаамжтай аж.
Энэ нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн зогсоолуудын ердөө 0.2 хувь болж байгаа нь хачирхалтай. Бусадтай нь яагаад гэрээ байгуулахгүй байгаа вэ, хэн нь орлогоо Нийслэлийн замын сантай хуваалцаж, хэн нь ашгаа дангаараа хүртэж байгаа юм бэ гэдэг асуулт ч урган гарч ирж байгаа юм.
Замын даац, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж чадахгүй, хяналтаасаа нэгэнт алдсан нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ зорчих газрыг хязгаарлахыг урьтал болгосон. Өөрөөр хэлбэл, төв талбайгаас хааш хааш 800м зайд их багтаамжийн зогсоол байгуулж, нийслэлийн дөрвөн зүг, найман зовхисоос төв рүү машинтайгаа ирэх иргэд тэнд унаагаа юүлэн, унадаг дугуй, скүүтер зэрэг бага оврын тээврийн хэрэгсэл унаж цааш явах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байдаг.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тухайн бүс нусгийн замын хөдөлгөөний ачаалал, төрийн байгууллагуудын нягтрал зэргийг харгалзан зогсоолын төлбөрийг харилцан адилгүй тогтоодог бөгөөд төлбөрийн орлогын 60 хувийг тухайн аж ахуйн нэгж авдаг бол үлдэх 40 хувийг Нийслэлийн авто замын санд төвлөрүүлдэг.
Удирдлагын төв нь тус санд 2024 онд 1,4 тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилт тавин ажилласан ч хараахан хүрээгүй аж. Харин энэ онд зогсоолоос 1,2 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөгөөндөө тусгажээ.
Бас нэг асуудал нь бүх зүйл дижиталжиж, улам боловсронгуй болж байхад зогсоолын төлбөрийг бэлэн мөнгөөр авч байгаа нь наанадаж, ариун цэврийн шаардлага хангахгүй, цаанадаж замын санд орох орлого буурах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Уг нь Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журамд “Зогсоол ашигласны төлбөрийн систем нь цахим байх бөгөөд үйлчлүүлэгч зогсоол ашигласны төлбөрийг олон арга, хэлбэрээр төлөх боломжийг бүрдүүлсэн байна.” гэж заасан байдаг. Энэ мэтчилэн замын түгжрэлд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байгаа авто зогсоолын эргэн тойронд шийдэх, хийх ажил их байна. Энэ асуудлаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.