Маргаашнаас дахин Америкийн тэргүүн хос болох Дональд Трамп, Меланиа Трамп нар Трампыг тангараг өргөж байгаатай холбогдуулан мимкойн буюу ямар нэг үнэлгээ, хэрэглээ байхгүй койн гаргажээ. Меланиа
Трамп $MELANIA хэмээх крипто койн гаргаж буйгаа ням гаригт сошл сүлжээгээр зарласнаар хоёр хоногийн өмнө нөхөр нь гаргасан $TRUMP койны үнэ гэнэт унажээ.
“Меланиагийн $MELANIA мимкойныг https://melaniameme.com сайт руу орж худалдаж авч болно” хэмээн Америкийн ирээдүйн тэргүүн хатагтай Х сүлжээн дээр бичсэн байна.
Энэ хоёр койн Solana сүлжээгээр дамжин арилжигдаж байгаа аж. Трампын мимкойн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр үнэ өсөж ням гаригийн орой 70 долларт хүрчээ. Гэвч Меланиа койн гаргаж буйгаа зарласны дараа Трампын койны үнэ 40 доллар болж буурсан ч даваа гаригийн өглөө дахин өсөж 60 доллар болсон байна. Меланиагийн койн даваа гаригийн өглөө 12 долларын үнэтэй байв.
Тангаргаа өргөх гэж байгаа Ерөнхийлөгч гаргаж буй анхны койн нь $TRUMP болжээ. Дональд Трамп Биткойныг “тэнгэрт хадсан хиймэл үнэтэй” хэмээн нэг бус удаа шүүмжилж байв.