Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.21 09:10
857
Д.Трамп: АНУ-ын алтан үе яг одоо эхэлж байна, бид дахин дэлхий нийтийн хүндлэлийг хүлээх болно

Дональд Трамп тангараг өргөж АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч болж бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж эхлэв. Тэрбээр, “АНУ-ын алтан үе яг одоо эхэлж байна. Энэ өдрөөс эхлэн манай улс цэцэглэн хөгжиж, бид дахин дэлхий нийтийн хүндлэлийг хүлээх болно. Трампын засаг захиргаа өдөр бүр АНУ-ыг нэгдүгээрт тавих болно. Бидний гол зорилго бол бахархалтай, хөгжин цэцэглэсэн, чөлөөт улсыг бий болгох. Тун удахгүй АНУ хамгийн агуу, хамгийн хүчтэй, урьд өмнө байгаагүй онцгой улс болно” хэмээн тангараг өргөснийхээ дараа хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп анхны зарлигаа баталж, Засгийн газрынхаа гишүүдийг Сенатаар оруулж батлуулахаар нэрсийг нь илгээжээ. Ерөнхий прокуророор Памела Бонди, Батлан хамгаалахын сайдаар Питер Хегсет, Эрүүл мэнд, нийгмийн албаны сайдаар бага Роберт Кеннеди, Төрийн нарийн бичгийн даргаар Марко Рубиог нэрлэв. Мөн Цагаан ордны шинэ эзэн энхийг сахиулж, өнөөдөр дэлхий дээр болж байгаа бүх дайныг зогсооно, дуусгана, АНУ-д ийм хүч байгаа хэмээн мэдэгдлээ.

Трамп гадаад бодлогодоо өөрчлөлт хийж, эхний зарлигуудаараа Мексикийн буланг Америкийн булан хэмээн өөрчлөн нэрлэнэ гэжээ. Мөн Хятадын мэдэлд байгаа Панамын сувгийг Америкийн хяналтад эргүүлэн авах хүсэлтэй гэдгээ дахин илэрхийлэв.

Трамп хүйс, арьс өнгөний бодлого дээр тусгайлан анхаарал хандуулна гэдгээ зарласан. “Энэ цагаас хойш АНУ-д зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйс байх болно. Арьсны өнгөөр ялгаварладаг явдал байж болохгүй, гагцхүү тухайн хүнийг гавьяа зүтгэлээр нь үнэлдэг болно” хэмээн онцлоод транс хүйстэнгүүдийн арми, сургууль дээрх давуу эрхийг хязгаарлана хэмээн анхааруулав. Транс тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод оролцуулахгүй, хүйс солиулах мэс засалд орж байгаа хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй гэжээ.

Трампын эхний том арга хэмжээ нь цагаачлал, хилийн асуудал байх нь тодорхой болж байна. Улс орны өмнөд хил дээр онц байдал зарлаж, хууль бус цагаачдыг саатуулж, ирсэн газар руу нь буцаана хэмээн мэдэгдэв.

Мексиктэй залгаа хил дээрх алдааг залруулахын тулд тийшээ цэргийн нэмэлт хүч илгээнэ гэжээ. Америк руу хууль бус цагаачдыг оруулдаг Мексикийн гэмт бүлэглэл, картелуудыг террорист байгууллага хэмээн үзэж, тэд нартай тэмцэхийн тулд гүйцэтгэх засаглалд илүү их эрх мэдлийг олгоно хэмээн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч онцоллоо.