“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, явц, үр дүнг хэлэлцэх хурал Төрийн ордонд боллоо. Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох ажлын хэсгийн төлөөллүүд оролцлоо.
Хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен удирдаж, УИХ-ын 36 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулан, хүнсний аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг нэмэх шаардлагатайг онцоллоо.
УИХ-ын 36 дугаар тогтоолоор хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн.
Уулзалтаар:
Цаашид хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хөдөрмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, ажиллагсад давтан суралцах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдах нөхцөл бүрдүүлэх, хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэл, удирдлагын нэгдсэн цахим сан, тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах шаардлагатайг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн онцоллоо.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн:
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд 114 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн хоёр жилд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.2 их наяд төгрөгийн зээлийг 3,100 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон байна.
Нийт зээлийн 62 орчим хувийг хүнсний боловсруулах болон сав, баглаа боодол, 30 хувийг газар тариалан, найман хувийг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгожээ.
Зээлийн эх үүсвэрийн ашиглалт 98 хувьтай байгаа бөгөөд зээлийн хүсэлтийн 50 хувь нь шийдвэрлэгдсэн. Тогтоолын хүрээнд 2025 оны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсөвт 88.2 тэрбум төгрөг тусгагдсанаас 2023 онд олгогдсон 832.7 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгийн 40.9 тэрбум төгрөг, 2024 онд олгогдсон 428.7 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгийн 47.2 тэрбум төгрөгийг 2025 онд хийнэ гэж байлаа.
Үүний үр дүнд хүнсний салбарт 39 үйлдвэр шинээр ашиглалтад орж, өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангаж чадсан юм. Өндөгний үйлдвэрлэл 7.9 хувиар, сүүн бүтээгдэхүүнийх 3.4 хувь, хүнсний ногооных төрлөөс хамаарч 7.7-20.9 хувь, гурилан бүтээгдэхүүнийх 1.2 хувиар өсөж, импорт буурсан үзүүлэлттэй байна”.
Мөн газар тариалангийн салбарт олгосон зээлийн үр дүнд нийт зоорийн багтаамж 2021 оны суурь түвшний үзүүлэлтээр 230.0 мян.тн байсан бол 2024 оны дүнгээр 292.2 мян.тн болж өссөн байна.
Махны экспортын орлого 2022 оны дүнтэй харьцуулахад 50.0 сая $-оос 285.4 сая $ болж 71.1%-аар өссөн үзүүлэлттэй байна.