УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган нар Францаас авлига авч лиценз олгосон гэх мэдээлэл гараад буй. Үнэхээр тэд авлига авсан бол Монгол Улсын хууль хяналтын байгууллага ажлаа хийх цаг нь болжээ.
Д.Үүрийнтуяагийн хувьд өөрийн цахим хаягаараа дамжуулан намайг авлига авсан гээд байгаа хүмүүс мөнгө, шийдвэрийг нь гаргаж ирээд яахаа шийдээрээ гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байдаг.
Энэ талаар хөндсөн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ийн ярилаа.
Тэрээр" Миний хувьд хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоод Оранагийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалсан. Ажлын хэсгийг ахлахдаа өнгөрсөн цаг хугацааны бүх архивтай танилцсан. 28 жил яригдсан төсөл, алдагдсан болрмжийг яривал асар том тоо ярих байх.
Хэрвээ 10 жилийн өмнө энэ төсөл хөдөлсөн бол 2,5 тэрбум доллар монголд орж ирэх байсан.
2013-2017 оны үйл явц юм байна лээ. Еnergynwes гээд Францын Европын холбооны маш олон сайтаар нээлттэй тавигдсан мэдээлэл. Монгол Улсад хүртэл энэ мэдээлэл хангалттай тавигдаж байсан. Нууц мэдээлэл биш.
2013-2017 оны хооронд тухайн компани үйл ажиллагаагаа явуулахдаа Евро Трейд гэдэг зуучлагч компаниар дамжуулаад гүйлгээ хийсэн. Ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийг авахдаа Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлсөн гэдэг асуудлаар Францын санхүүгийн прокурорын газар шалгагдсан юм байна лээ.
Түүний дараа 2019 онд Монгол Улсын авлигатай тэмцэх газар руу Францын санхүүгийн прокурорын газраас эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тал дээр хамтарч ажиллая гэдэг хүсэлтээ илэрхийлсэн.
Үүний дараа хамтарч ажиллаад хэрэг нь 2024 оны 12-р сард Францын санхүүгийн прокурор дээр хянагдаж байсан хэрэг нь CJIP гэдэг ОУ-д Парисын гэрээгээр баталгаажуулдаг хэлбэр байдаг юм байна. Энэ тухайн компанид торгууль ноогдуулдаг гэсэн үг. Тухайн компанид ажиллаж байсан хоёр нөхөр Монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгч лиценз авсан байж болзошгүй гэдэг асуудал үүссэн учраас 4,8 сая еврогоор торгоод тэр хэргийг хаасан.
Харин би үүнтэй холбогдуулан АТГ, УЕП-руу хүсэлт илгээсэн. Мөрдөн шалгах ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл өгсөн. Энэ хэрэг бол нээлттэй асуудал. Тухайн үеийн Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан хүн, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн хамтраад 3 тусгай зөвшөөрөл олгосон гэдэг.
Францын шүүх бол эцэслэсэн, одоо Монголын хууль хяналтын байгууллага ажлаа хийх ёстой байх" гэв.
Тэд үнэхээр авлига авсан уу? Францын прокурор тэднийг холбогдуулж шалгасан уу? Хэрэв үнэн бол Монголын шүүх, прокурор ажлаа хийж хариуцлага хүлээлгэхийг харах үлдлээ.
Д.Үүрийнтуяагийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшиж өвдөг шороодсон.