Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.01.23 10:43
4997
Дашваанжилын захирал, жолооч хоёр яллагдагчаар татагдаж, патрол машины жолооч уснаас хуурай гарах уу?

Өнгөрсөн жилийн энэ өдөр буюу 23-24нд шилжих шөнө дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн том оврын тээврийн хэрэгсэл зам тээврийн ослын улмаас дэлбэрсэн.

Үүний улмаас онцгой байдлын 3 албан хаагч, авто машинтай болгон явганаар зорчиж байсан 4 иргэн амь насаа алдаж, 5 иргэн хүнд, 1 иргэн хүндэвтэр, 35 иргэн хүнд хөнгөн зэргийн гэмтэл авч, угаарын хийн хордлогод орсон. Мөн 60 өрх орох оронгүй болж, 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. 

Харин Дашваанжил компанийн захирал Н.Баатаржав, Ч.Ренцэндорж нарыг 5 жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа юм.

Н.Баатаржав, Ч.Ренцэндорж нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  Гэвч  зам тээврийн осол гаргасан патрол машины жолооч Э.Мөнхнаран ор сураггүй болов уу гэлтэй түүний талаар хэн ч дурсахгүй байна.

Тэрээр Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн албаны даргаар ажиллаж байсан. Ажлаасаа чөлөөлөгдөөд 8 сар болжээ. Харин түүний унаж явсан тээврийн хэрэгсэл тус байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан.  Түүнийг  Төв аймагт албан ажлаар яваад гэр руугаа явж байхдаа осолд өртсөн гэж албаныхан тайлбарласан байдаг.

Гэвч тус хэрэгт холбогдолтой Дашваанжил компанийн захирал, жолооч хоёр яллагдагчаар татагдсан ч Э.Мөнхнаран өнөөдрийг хүртэл усанд хаясан чулуу шиг сураггүй алга болоод байна.

Өнөөдөр дэлбэрэлт болоод нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч тус хэргийн зангилаа тайлагдаагүй хэвээр байна. Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг гар аргаар нурааж ахин барих шийдвэр гарсан. Гэвч тус байрны иргэд өнөөдрийг хүртэл түрээсийн байраар гэр хийж, хэзээ байр нь нураагдаж, хэзээ баригдах нь тодорхойгүй нөхцөл байдалтай өдөр хоногийг элээж байна. Тиймээс тус байрны иргэн н.Энхтуяагаас хэргийн талаар болон ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Мөнхнарангийн талаар тодрууллаа.

207-р байрны оршин суугч н.Энхтуяа: Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн жолооч уснаас хуурай гарах гэж байна. Дашванжил компанийн захирал, жолооч нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн. Гэвч Э.Мөнхнарангийн талаар ямар ч мэдээлэл бидэнд өгөөгүй. Патрол газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болсон. Ийм байхад адилхан хэрэг нээж шалгахгүй, чимээгүй байгаад байгааг гайхаж байна гэлээ. 

Харин өнөөдөр тус хэргийн хохирогч болсон иргэдийн төлөөлөл, ар гэрийнхэн нь зул өргөхөөр болжээ. Тус үйл явдлыг манай сурвалжлах баг фэйж хуудсаараа бид шууд дамжуулан хүргэх болно.