УИХ-ын энэ өдөр /2025.01.23/-ийн нэгдсэн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Уг төслийг Засгийн газар өнгөрөгч оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд одоо эцсийн хэлэлцүүлэг өрнөж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Энэ ажлыг анх эхлүүлсэн хүний хувьд хэлэхэд, уг хуулийн төслийн үндсэн концепцийг өөрчилсөн байна. Анх нийслэлийн чиг баримжаатай хот байх уу эсвэл аялал жуулчлалын чиг баримжаатай байх уу гэдэг хоёр хувилбарыг хэлэлцэж байгаад нийслэлийн чиг баримжаатай хот байгуулъя гэдэг дээр тогтсон юм. Тэнд Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газар байна гэхчлэн. Хөрсний болон геодезийн судалгаа хийгдчихсэн. Одоо төлөвлөлт хийгдэнэ. Гэтэл одоо аялал жуулчлалын хот болгоё гээд оруулаад ирсэн байна. Ингэхээр төрийн байгууламжуудыг төлөвлөх асуудал хуультайгаа зөрчилдөөд эхэлнэ. Тиймээс эхнээсээ хөгжлийн чиг баримжаагаа зөв тодорхойлох хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.
“Улаанбаатар хотын төвлөрлийг задлахын тулд бүс болгонд нэг хөгжлийн чиг баримжаатай хот бий болгох шаардлагатай байгаа. Энэ ажлын эхлэл нь Хархорум хот байх ёстой” гэж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт мөн байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү олон жил яригдсан Хархорум хотыг байгуулах тухай анхдагч хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталлаа. Нийслэл хот аль эсвэл аялал жуулчлалд түшиглэсэн хотын алин болохоос үл хамаарч, 800 жилийн өмнөх түүх, нүүдэлчин соёлыг дахин сануулж, сэргээх төв болох нь дамжиггүй биз ээ.