Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэхийг энэ өдөр /202.01.23/-ийн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажлын хэсгийг ахлах амбицаа илэрхийлж, өөрийгөө ямар нэгэн ашин сонирхлын зөрчилгүй гэв.
Тэрээр “Энэ хуулийн төсөл сүүлийн хоёр парламент дамжин яригдсан, одоо гурав дахь парламент руу шилжиж байна. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай цуг ярихгүйгээр дангаараа шинэчлэл болж чадахгүй. Тэгэхээр ЗГ Өмчийн хуулийг яаралтай УИХ-д оруулж ирээд, энэ хоёр хуулийг хамт хэлэлцэх нь зүйтэй.
Энэ хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг би ахалмаар байна. 2016 онд Хуул зүйн дэд сайд байхдаа энэ хуулийн суурь онолын судалгааг хийх ажлыг эхлүүлж байсан. Өмнөх хоёр парламентад ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан. Холбогдох судалгаануудыг бүгдийг хийж байхдаа төрийн өмчит компаниудад хулгай хэрхэн хийдгийг мэдэж авсан. Тийм учраас энэ нүх сүвийг яаж бөглөх вэ гэдэг гарц шийдлийг илүү сайн олж чадна гэж бодож байна.
Миний ах дүү, хамаатан садангуудаас нэг ч хүн төрийн өмчит компанид ажилладаггүй. Ямар нэг бизнесийн гэрээ хэлцэл хийж байсан түүхгүй тул ашиг сонирхлын зөрчил байхгүй. Тиймээс энэ хуулийн төсөл дээр улс төрийн манлайлан үзүүлэн ажиллаж чадна гэдгээ илэрхийлье” гэв.