Э.Ирэхбаяр
Редактор
Байгаль орчин
2025.01.24 14:48
2496
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт барих 12 мянган өрхийн орон сууц нь 3 сургууль, 5 цэцэрлэгтэй байна

Улаанбаатарт дахин төлөвлөж орон сууцжуулж болох газрын нөөцтэй бүс бол зөвхөн гэр хороолол. Гэр хорооллыг дахин төлөвлөх нь хот төлөвлөлтийн алдааг засах том боломж гэж гэж хотын захирагч чуулганы индэр дээрээс хэллээ. Нийслэлд Э.Бат-Үүлийн засаглал унаснаас хойш бараг зогсонги байдалд ороод байсан дахин төлөвлөлтийн ач холбогдлыг хожуу ч гэсэн үнэлж, хүлээн зөвшөөрч, хөдөлж эхэлж байгаад нь “браво” хэмээн алга ташъя.

Хүн амын талаас илүү хувь нь  аж төрж буй, эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлж байгаа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд шинэ суурьшлын бүсүүд нэмж байгуулах биш харин нэгэнт суурьшсан, гэхдээ агаар, хөрс, усны бохирдол үүсгээд байгаа гэр хороололдоо дахин төлөвлөлт хийх нь наанадаж орчны бохирдлоосоо салах, цаанадаж хүн амын тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хамгийн үр дүнтэй арга зам болно.

Харин шинэ суурьшлын бүс үүсгэн босгож байгаа бетонон ширэнгэ нь байшингаас байшин руу, нэг өрөөнөөс хоёр өрөөнд шилжих шилжилтийг л дэмжиж байгаа, гэр хорооллынхон төдийлөн хамрагдаж чадахгүй байгааг ипотекийн зээлийн статистикээс харж болно.   

Х.Нямбаатарын баг эхний ээлжинд “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 2206 өрхийн 158 га газрыг чөлөөлж, 12 мянган айлын орон сууц барих төлөвлөгөө гаргажээ. Одоогоор дээрх айлуудаас 1800 гаруй нь газраа чөлөөлсөн байгаа, үлдсэн 200 гаруй өрх бичиг баримтын зөрчилтэй болон үнэ дээрээ тохиролцоогүйн улмаас газраа чөлөөлөөгүй байгаа юм байна. Газраа чөлөөлсөн айл өрхүүдэд нийт 300 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор төлжээ.

Төслийн зураг төсөв, барилгын хийцлэлийг эцэслэсэн бөгөөд нийт гурван ерөнхий боловсролын сургууль, таван цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна.

12 мянган өрхийн орон сууц барих төслийг дөрвөн багц болгоод, энэ сарын 28-ны өдөр тендер зарлах бөгөөд материалыг ажлын 20 хоногийн дотор хүлээн авч, дөрөв дүгээр сарын сүүлчээр гэрээ байгуулан, ажлыг эхлүүлнэ гэж хотын дарга мэдэгдсэн. Үнэхээр хэлсэн ярьсан шигээ шахаж ажиллавал сайн сан, харж л байя. Уг нь 2023 оны 12 дугаар сард Х.нямбаатар “хоёр жилийн дараа гэхэд 12 мянган айлын орон сууц байгуулна” гэж мэдэгдэж байсан удаатай, амласан хугацаандаа багтаахад нэг жил үлдэж.

Өнгөрсөн жилүүдэд улс, орон нутаг дахь бүтээн байгуулалтын тендерүүд бараг зун болж байхад зарлагдан, сонгон шалгаруулах гэсээр намар болгож, гүйцэтгэл эхлэх гэсээр байтал өвөлтэй золгодог байсан гажиг системийг халах ёстой. Бүтээн байгуулалт хийх боломжтой хоёрхон улиралтай улс аливаа тендерийг оны эхээр зарлаж хэвшвэл энэ олон барилга он дамнан сунжирч, бас санхүүжилт нь царцахгүй байх боломжтой.

Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг нь санхүүжилт байдаг. Гадаад зах зээлээс босгосон 500.0 сая ам.долларын санхүүжилт оны өмнө орж ирснийг бондын хүүгээс арай нэмүү хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулан хадгалж байгааг хотын дарга хэлэв.

Ямартай ч дахин төлөвлөлтийн ажил тодорхой хэмжээгээр урагшилж байгаа юм байна. Цаашид нийслэл дэх хэсэгчилсэн төлөвлөлтийг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж байх болно гэдгийг хотын дарга мөн хэлсэн. Үе үеийн нийслэлийн удирдлагуудын гаргасан нэг том алдаа бол бэлэн дэд бүтцэд дулдуйдан, арын хаалгаар аль нэг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас хугасалж, хашаанд нь урилгагүйгээр зочилж, төлөвлөлтгүйгээр янз бүрийн барилга барих явдлыг өөгшүүлсэнд байгаа юм. Ямар ч төлөвлөлтгүй, эмх замбараагүй, өнгө үзэмжгүй. Буулгах хэцүү, байх хэцүү үй олон байшин өнөөгийн нийслэлийн өнгө үзэмжийг гутаах төдийгүй хөгжлөөс хойш чангааж байгаа гэхэд хатуудахгүй биз.