Украин дахь дайн, мөргөлдөөн АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэлийн ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ. 2024 онд Америкийн зэвсгийн худалдаа 29 хувиар өсөж 318.7 тэрбум долларт хүрсэн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт хэмээн Францын Quest сэтгүүл уламжлав.
Дэлхийн улс орнуудад тогтворгүй байдал бий болж, мөргөлдөөн, хямрал их болж байгаа тул Америкийн зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн ашиг цаашид ч өсөхөөр харагдаж байна. Ойрын саруудад буудах, харвах зэвсэг, Patriot систем, хуягт техникийн захиалга нэмэгдэх төлөвтэй байна хэмээн дээрх нийтлэлд онцолжээ.
Вашингтон Украинд цаашид зэвсэг нийлүүлэх асуудлыг судалж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Өмнөх Ерөнхийлөгч Жо Байден Украины зэвсэглэлд зориулсан дөрвөн тэрбум долларыг Трампын багт үлдээсэн юм. Мөн АНУ-ын засаг захиргаа хэдхэн хоногийн өмнө Израильд найман тэрбум долларын зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргасан байна.