“ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Уг асуудлыг хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Тэрбээр, "Ерөнхийдөө манай улсын хувьд янжуур тамхины хэрэглээ жил бүр өсөж байгаа. Үүнийг бууруулах бодлогыг хэрэгжүүлж чадаагүй байтал электрон тамхины хэрэглээ мөн дагаад өсөж байна.
Зарим улсад электрон тамхийг бүр мөсөн хориглож байгаа ч дагаад янжуур тамхины хэрэглээ ихсэх гэх мэт сөрөг нөлөө ч гарч байна. Манай улсын хувьд янжуур тамхины нэг ширхэгт нэг төгрөгийн татвар нэмэгддэг нь хэрэглээг бууруулах биш янжуур тамхийг дэмжих бодлого яваад байна.
Зарим улсууд татвар нэмэх, худалдаалах цэгийг багасгаж байна. Электрон тамхи бол электрон барааны татвараар орж ирдэг. Иймд аль аль талд нь татварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Электрон тамхийг бол янжуур тамхинаас хор нөлөө багатай, мөн тамхинаас гаргах арга хэрэгсэл гэж үзэж байгаа боловч нөгөө талаараа насан туршдаа тамхи татахгүй байсан хүмүүс ч электрон тамхи татаж байна. Электрон тамхины хэрэглээ ихэссэнээр янжуур тамхины хэрэглээ гурван хувиар багассан бол эмэгтэйчүүдийн хувьд электрон тамхины хэрэглээ ихэссэн" гэлээ.