Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.01.27 12:19
2533
Г.Гэрэлтуяа: Патролын жолоочийн буруутай үйл ажиллагаа байхгүй, Дашваанжилын буруу гэх дүгнэлт гарсан

Дашваанжил ХХК-ийн газ ачиж явсан тээврийн хэрэгсэл дэлбэрснээс хойш жилийн хугацаа өнгөрөөд байна. Харин тус хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөр анх удаа УПЕГ-аас мэдээлэл өглөө. 

Г.Гэрэлтуяа НПГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга: Дүнжингаравын уулзварт Дашваанжил ХХК-ийн жолооч Патрол маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас газ дэлбэрч, гал гарч улмаар иргэдийн амь нас хохирсон. 

2024 оны 1 сарын 24-ны өдөр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Мөн УЕПГ-ын тушаалаар тус хэрэгт хяналт тавих ажлын хэсэг байгуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугласан материалуудыг үндэслэн Дашваанжил ХХК-ийн удирдлага Н.Баатаржав, жолооч Ч.Ренцэндорж нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан 4 иргэн, 3 алба хаагч буюу нийт 7 хүний амь насыг хохироосон. Мөн ослын улмаас 5 хүний эрүүл мэндэд хохирол учирсан. 1 хүнд хүндэвтэр гэмтэл учирсан бол иргэдийн эд хөрөнгөд хохирол учирсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тиймээс Дашваанжил ХХК-ийн захирал, жолооч хоёрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 буюу Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах, 11.5 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэдэг зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ одоогоор 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх тооцоолол гарсан. Хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлнэ. 

Осолтой холбоотой 5 техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтууд дээр тулгуурлан осол гарахад Патрол маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн бурууртай үйл ажиллагаа байхгүй байна. Харин Дашваанжил ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаатай холбоотой осол гарсан гэх дүгнэлтэд хүрч тус компанийн захирал, жолооч нарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах шийдвэрийг прокуророос гаргасан.