Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.01.28 11:54
397
Стандартын бус хотдоо хүлцэн амьдарсаар л байх уу

НИТХ өчигдөр /2025.01.27/ ээлжит хоёр дугаар хурлаа нээж, 16 асуудал хэлэлцсэний нэг нь Хотын стандарт байв.

Хотын стандарт гэдэг нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг тодорхойлсон хэм хэмжээ юм. Барилга барих, зам тавих гэх мэт хотод хийгдэж байгаа бүхий л бүтээн байгуулалтуудад стандартыг мөрдсөнөөр иргэд амьдрахад таатай орчин бүрдэхээс гадна хөрөнгө оруулалтууд ч үр дүнтэй болох учиртай.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд хот тусдаа стандарттай байж болно гэж тусгаж өгсөн. Угаас дэлхийн томоохон хотууд, ялангуяа нийслэлүүд өөрийн гэсэн стандарт мөрдүүлдэг жишиг бий. Жишээлбэл,  Лондон хот бүр 19 дүгээр зууны дунд үеэс стандарттай болсон бол Нью-Иорк, Токио зэрэг хотууд 20 дүгээр зууны эхэн үеэс тусдаа стандарт мөрдөж эхэлсэн байдаг.  

Манайд хэдийгээр өмнө нь “хотын” гэсэн тодотголтой стандарт байгаагүй ч 2003 онд анх батлагдсан “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль”-аар стандартчиллын талаарх харилцааг зохицуулж ирсэн.

Гэвч Улаанбаатар хот эрчимтэй хөгжлийнхөө 30 жилд стандарт гэгчийг бараг л мартсан гэхэд хилсдэхгүй. Үүний нотолгоо нь хэсэгчилсэн төлөвлөлтгүй, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, тоглоомын талбай, явган хүний зам гэх юм үгүй, хоёр машин ч зөрөх боломжгүй, шамбааралдуулан босгосон бетонон ширэнгүүд байна.

Чухам стандартаа мөрдөөгүйгээс өнгөрөгч оны эхээр Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл осол гаргаж, улмаар долоон хүн амь эрсэдсэн ноцтой хэрэг гарсан. 18.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эл хэрэгт буруутгагдсан “Дашваанжил” ХХК-ийн удирдлага болон жолоочид холбогдох хэрэг сунжирсаар саяхан шүүхээр шийдэгдлээ.

Галд өртсөний улмаас хүн амьдрах шаардлага хангахгүй болсон уг барилгыг буулгаж нураахын тулд нийслэлээс 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарласан.

Хэрэв анхнаасаа барилга барихдаа ч, зам тавихдаа ч стандартаа мөрдсөн бол уг осол гарахгүй байж болох байсан гэж олон нийт үздэг. Тиймээс л стандартыг мөрдөх юм бол хөрөнгө оруулалтын үр дүн нэмэгдэнэ гэж өмнө хэлсэн минь учиртай. Хариуцлагагүй ААН, иргэний гаргасан ослын үр дагавар, хохирлыг арилгахын тулд төсвөөс мөнгө гаргаж байгаа нь харамсалтай ч төр стандарт мөрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйнхээ горыг амсаж байгаа хэрэг.

Нийгэм даяар дуулиан тариагүй ч энэ мэт стандарт хангаагүйн улмаас учрах бэрхшээлтэй нийслэлчүүд бид өдөр тутам тулгарч буй. Хамгийн түгээмэл жишээ бол аль нэг  газар руу орохын тулд машин тавих зогсоол хайж, хэдэнтээ тойрох энүүхэнд байдаг. Түүнчлэн гудамж талбай болон нийтийн орон сууц, худалдааны төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, шат маш ховор.

Өнөөдийн байдлаар Монгол Улсад нийт 6731 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Үүний 38 нь хотын стандарт. Тухайлбал, Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага, Явган хүний зам, талбай болон унадаг дугуйн замын төлөвлөлт, угсралт, хучилтад тавигдах ерөнхий шаардлага, Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлт гэх мэт бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, цаг хугацаа, орон зайд нөлөөлдөг хүчин зүйлсийг бүтээхэд тавигддаг хэм хэмжээнүүдийг нэрлэж болно.

Өмнө нь стандартыг сонгож мөрддөг байх үед барилгын зураг төсөл, ажлын даалгаврыг бараг мөрддөггүй байсан гэдгийг Хяналт, шалгалтын газрын дарга н.Энхбаяр НИТХ-ын төлөөлөгчдөд 5 бүлэг бүхий 16 стандартыг шинээр батлуулахаар танилцуулах үедээ хэлсэн. Харин 2022 оны 11 дүгээр сарын нэгний өдөр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар дагаж мөрдөх стандарт гэсэн ойлголт бий болж, шинээр 52 стандартыг барилгын бүх шатны ажлын даалгавар, зураг төсөлд дагаж мөрдүүлэх болсон гэж тэрээр нэмж хэлсэн.

Гэсэн хэдий ч хэрэгжилт нь эргэлзээтэй. Үүнийг сүүлийн хоёр жилийн дотор шинээр байгуулагдсан хотхон, хорооллууд болон бусад барилга байгууламжууд, тэдгээрийн ойр орчмын тохижилтоос харж болно. Түүнчлэн стандартын хэрэгжилтийг хянаж шалгадаг хүн хүч, боловсон хүчний нөөц дутмаг байдал ч сөргөөр нөлөөлж буй. Өмнө нь байсан Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг гүйцэтгэж буй Хяналт, шалгалтын газарт харъяалагддаг 23   улсын байцаагч өглөөнөөс орой хүртэл гадуур явж, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг ч хүн хүч дутагддаг, унаа, бензин тосны зардал нь хүрэлцдэггүй гэдгийг тус газрын дарга Энхбаяр өгүүлэл тавина билээ.

Ямартай ч хот стандартаа хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж иргэд бид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах болно. Тэгэхээр төрийн албан тушаалтан, ААН, иргэн хэн гуай ч байсан зохих стандартыг мөрдөөгүй л бол барьж босгосон, хийж бүтээснийг нь “устгаж”, хариуцлага тоцоохгүй л бол стандартын бус амьдрал үргэлжилсээр байх болно.