Монголын төрийн зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой энэ онд тохиож байна. Уг түүхэн ойг ирэх долдугаар сарын 21-27-ны өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадамтай хамтатган тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Уг ойд зориулан "Галдан бошигт-370" баруун бүсийн "Их хурд" наадмыг зохион байгуулах аж. Мөн "Галдан бошигт хаан" дуулалт жүжиг, 370 бие биелээч, 100 уран нугараач оролцсон угсаатны өв соёлын наадам, үндэсний хувцастай 500 морьтны үзүүлбэр зэрэг урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү түүхэн үйл явдалд зориулан "Галдан бошигт судлал" Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал, Олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, "Галдан бошигт 370" уран бүтээлийн үзэсгэлэн зэргийг Ховд хотын Өв соёлын хүрээлэнд хийх юм байна.