НИТХ өчигдөр /2025.01.27/ ээлжит хоёр дугаар чуулганаа хийсэн. Нийслэлийн 45 төлөөлөгчөөс 29 нь буюу нийт төлөөлөгчийн 64 хувь нь ирсэн тул хуралдааныг хүчинтэйд тооцно хэмээн хурлын дарга алх цохисноор хуралдаан эхэлсэн. Гурван төлөөлөгч тутмын нэг нь эзгүй, үндсэн үүргээ үл тоосон энэ хандлагаас харахад, яг л УИХ-ын багасгасан хувилбар гэлтэй.
16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн энэ өдрийн хуралдаан эхэлснээс хойш 2 цаг 30 минутын дараа хурлын дарга А.Баяр “Хоол 14.00 цагт бэлэн болно. Одоо 20 минут дутуу байна. Хэдүүлээ Хотын стандартаа нэг мөр дуусгачихъя” хэмээн аргадан гуйх маягтай хэлж байгаа харагдав.
Сард ганцхан удаа хуралдаж, нийслэлийн хөгжлийн бодлого, төсөв, төлөвлөгөө зэргийг хэлэлцэн, 1.8 сая оршин суугчийнхаа амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гаргадаг НИТХ-д өөрийн дураар нэр дэвшин өрсөлдөж, сонгогдчихоод, хариуцсан ажилдаа ийм хариуцлагагүй хандаж байгааг өөгшүүлж боломгүй.
Ер өнгөрсөн хугацаанд тус байгууллагын ээлжит болон ээлжит бус хуралдаануудын ирцийн талаарх мэдээлэл хомс байх юм. Хэрэв УИХ шиг сар бүр ирцээ олон нийтэд нээлттэй мэдээлдэг сэн бол цаашид төлөөлөгчид хуралдаа арай идэвхтэй суух биз.