Хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, байгаа газраасаа цахимаар суралцах боломжийг олгож Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим аялал” интерактив хичээлийг сургалтын системд нэвтрүүлсэн. Энэхүү хичээл нь хүүхдийн суралцах оролцоог дэмжсэн шинэлэг арга барилтай. 2020 оноос хойш 200 гаруй интерактив хичээлийг хүүхдүүд судалж байна.
Интерактив хичээлүүд үзэх бол: https://medle.mn/interactiveAll/2/0 хэсгээс танилцах боломжтой.
Шинэ зууны хүүхдүүдэд зориулсан сургалтын арга барил
Бид техник технологийн эрин зуунд амьдарч байна. Унаж байгаа машин, гэр ахуйн бараа, гар утас гээд технологийн дэвшил бүх салбарт оролцоотой байгаа. Орчин үеийн хүүхдүүд техник технологийн хөгжил дунд өсөн торниж байна.
Хүүхдүүдийн үзэх дуртай дүр, анимэйшн, график, дуу болон дүрстэй контентоор дамжуулан сурагчдын хичээлийн оролцоог нэмэгдүүлсэн. Интерактив хичээлд хүүхэд өөрөө оролцож, тоглож, дасгалаа хийдгээрээ онцлогтой.
Ялангуяа тухайн хичээлийг ойлгох, цаашид илүү гүнзгийрүүлэн судлах сэдлийг хүүхдүүдэд өгч байгааг багш сурган хүмүүжүүлэгчид онцолж байна. Хүүхэд бие даан мэдлэгийг олж авахаас гадна техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг давхар олгож буйгаараа илүү онцлог юм.
Хүүхдийнхээ боловсролд эцэг эхчүүд илүү анхаарч эхэлжээ
Танхимын сургалтын үед хүүхэд ном товхимлоос харж хичээлээ хийдэг байсан. Харин интерактив хичээлийн үед компьютер таблет, гар утас зэргийг ашигладаг. Сургалтын энэ арга барил эцэг эхчүүдийн анхаарлыг татаж хүүхдийнхээ суралцах байдалд оролцох идэвхийг нэмэгдүүлсэн байна.
Интерактив хичээлийн онцлог
- Хичээл бүр хүүхдийн сонирхлыг татахуйц зураглалтай, богино хэмжээний сонирхолтой үлгэр, өгүүллэгийг агуулсан.
- Хичээлийг сонирхолтой болгох, хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн дүр хөтлөн чиглүүлнэ.
- Хүүхдийн оролцоог дэмжсэн асуулт, хариултын явцад хүүхдэд баяр хүргэх, туслах зэргээр багаар хамтарч ажилладаг.
- Хичээлийн агуулгаар дамжуулан монгол өв соёл, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлнэ.