Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.01.28 14:08
851
2020 оноос хойш эдийн засаг хоёр дахин тэлсэн тул татварын бодлогыг эргэж харна гэв

Татварын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягаас уг хуулийг боловсруулах явцын талаар тодрууллаа.

Хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна. ААН-үүд болон иргэдээс ямар санал голчлон гарч байна, тэдгээрийг төсөлд хэрхэн тусгах талаар мэдээлэл өгнө үү?

Хуулийн төслийн хүрээнд улс, орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нийт 110 мянга гаруй санал ирсэн байна. Татварын бодлого бол туайн Засгийн газрын гол суур бодлого байдаг. Иргэдээс ирүүлж байгаа санал, шүүмжүүдийг тусгах, гээгдүүлэхгүй байх үүднээс өнөөдөр энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн хувьд, хамгийн ихээр яригдаж байгаа асуудал бол гар дээрээ авч байгаа цалингаас суутгаж байгаа татвар өндөр байна, НДШ-ийн хувь хэмжээ өндөр байна гэдэг асуудал. Тэгэхээр орлого багатай иргэдэд илүү хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлдэг болгох тал дээр зохицуулалт хийх гаргалгаа хайна.

НӨАТ-ын тухайд, нэгдүгээрт, хувь хэмжээ өндөр байна, хоёрдугаарт, бүх ААН жигд хамрагдахгүй байна гэдэг асуудлыг түлхүү хөндөж байна.

ААН-үүдийн тухайд, хуримтлалтай болж чадахгүй байна, шинээр бизнес эхлүүлэх эсвэл бизнесээ өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт авахад ямар нэг хөнгөлөлт, дэмжлэг байдаггүй. Татварыг урьдчилж аваад байна. Түүхий эд, бараа материалаа ихэвчлэн гаднаас оруулж ирдэг. Энэ үед гааль, онцгой гэх мэт татварыг шууд авчихдаг. Үүнийг борлуулалт хийх үед нь авдаг болгомоор байна. НӨАТ-ыг мөнгөн орлого орж ирсэн  тохиолдолд авдаг тогтолцоо руу шилжмээр байна гэх мэт саналууд дэвшүүлж байна.

Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо Татварын орчинг ААН, иргэддээ ээлтэй болгоно, бизнес эрхлэх орон зайг бий болгоно гэж амладаг ч төрийн эрх барихаараа гаргаж байгаа хууль тогтоомж, шийдвэрүүд нь эсрэг байдаг. Тэгвэл энэ удаа Татварын хуульд “гар хүрэх” зайлшгүй ямар шалтгаан байв?

Манай эдийн засаг 2020 оноос хойш хоёр дахин тэлсэн.  Ийм нөхцөлд бизнесийнхээ орчинг сайжруулах үүднээс татварын бодлого, салбар хуулиудыг эргэж харъя, ерөнхий хуульд эхний ээлжинд гар хүрэхгүй байя гэж байгаа юм. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай нийгмийн даатгалын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр санал солилцоно.

Өөрөөр хэлбэл, ААН-ийн болон хувь хүний орлогын албан татвар, НӨАТ зэрэг татварт өөрчлөлт хийх шаардлага байна уу гэдгийг харна.

Шууд дамжуулалтыг үзэх: