Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийн ажлын хэсэг хуралдаж ААН-ийн төлөөллүүдтэй уулзаж байна. Энэ үеэр ТЕГ-ын татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржаваас татварын багц хуультай холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрээр, "Өнөөдрийн байдлаар татварын албанд 260 орчим мянган иргэн бүртгэлтэй байна. Үүнээс аж ахуй нэгж албан байгууллагын тухай хуульд заасны дагуу шатлалын хувь хэмжээ өөр өөр байдаг. Одоогийн хуулийн зохицуулалтаар 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой бичил бизнес, компани байвал жилийн нэг хувийн татвар төлдөг. 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой бол тухайн олсон орлогоос хууль журамд заасны дагуу татвараа хасаад нэг хувийг төлж байгаа. 300 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компани бол хуульд заасны дагуу жилийн эцсийн тайлангаа хоёрдугаар сарын 10-ны дотор тайлагнаад тайлангаар үүссэн ноогдлоо хуульд заасан хугацаанд төлөх юм бол төлсөн 10 хувийн татварынхаа 9 хувийг буцааж авна.
1,5-6 тэрбум төгрөгийн орлоготой бол жилдээ 10 хувийн татвар төлнө. Харин 6 тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлж байгаа.
Одоогийн байдлаар 6 тэрбум төгрөгөөс дээш орлоготой 330 орчим компани байна. 4500 орчим компани 10 хувийн татвар төлж байна. Харин 1 хувийн татварыг 55 орчим мянган компани төлж байна.
Компани байгуулах эрх нээлттэй гэхдээ хуульд заасны дагуу тайлангаа өгөх ёстой. 2023 онд ирүүлсэн тайлангуудаас 70 орчим мянга нь үйл ажиллагаа явуулдаггүй компани байна. Татварын хэлэлцүүлэг шат дараатай явж байгаа, 30-нд дахин хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээс гарсан дүнг нэгтгээд хуулийн төслөө боловсруулна. Хуулийн төслөө боловсруулсны дараа олон нийтийн сүлжээнд 60 хоног байршуулна. Үүний дараа хуулийн төслөө гаргаад дахин хэлэлцүүлэг явуулна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: