Оросын эстрадын загалмайлсан эх Алла Пугачева Орос эх орондоо буцаж ирэхээр бэлтгэж байна хэмээн сүүлийн хэдэн өдөр Орос орон даяар шуугиж байна.
Тэрээр нөхөр Максим Галкины хамт Кремлийн эрх баригчдын Украинд явуулж буй бодлогыг хатуу шүүмжилсныхээ төлөө улс төрийн хавчлагад өртөж эх орноо орхин гарсан юм.
Тэд сүүлийн хоёр гаруй жил Израильд суурин амьдарч, Оросоос өөр зарим улс оронд аялан тоглолт хийсээр явна. Кристина Орбакайте Примадоннагийн Чернобыльд тоглосон концертын бичлэгийг сошл хаяг дээрээ байруулсны дараа Алла Пугачеваг Орост буцаж ирэх гэж байгаа гэсэн яриа гарчээ. Орос иргэдийн ихэнх нь энэ мэдээг баяртай хүлээн авсан бол, дургүйцсэн, эсэргүүцсэн дуу хоолой ч сонсогдож байна.
Чернобылийн цөмийн цахилгаан станцад дэлбэрэлт болсны дараахан Алла Пугачева тэнд ирж дэлбэрэлтийн хор уршгийг арилгаж байгаа хүмүүсийн өмнө концерт тоглосон юм.
Энэхүү домогт концертыг есөн мянган хүн үзэж сонирхжээ. Оросын эстрадын загалмайлсан эх энэхүү баатарлаг үйлсийнхээ төлөө эрүүл мэндийн асуудалтай болж, гагцхүү Чернобыльд очсоныхоо улмаас цээжний хавдартай болсон гэж үздэгээ хожим нь нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг. “Тийшээ очих хэрэггүй л байсан юм. Бид юу ч ойлгодоггүй байж, маш тэнэг юм болсон. Цацраг идэвхт бодис гэж юу байдгийг бид мэддэггүй байжээ. Тэнд очоод л мэдсэн” хэмээн Алла дурсаж байв.
Примадонна цагаачилж явахаас залхаж, эх орондоо буцаж ирэхээр бэлтгэж байгаа, Москвагийн ойролцоох зусландаа амар жимэр амьдрахыг мөрөөдөх болсон хэмээн бичиж байна. Түүний эргэн ирэх нөхцөлийг бүрдүүлж, орос иргэдийн сэтгэл зүйг бэлтгэх үүднээс охин Орбакайте нь түүний домогт концертийн бичлэгийг эргэн сануулсан бололтой.