Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.01.28 17:04
731
Б.Мөнхзул: Татварын хуульд тэгш, шударга байх зарчмыг тусгах ёстой

Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөх үеэр МХАҮТ болон “Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны УЗ-ийн гишүүн Б.Мөнхзулаас Татварын багц хуулийн төслийн талаар байр суурийг нь хуваалцлаа.

Б.Мөнхзул: Одоо мөрдөж байгаа Татварын хууль тэгш,

шударга байдлыг хангаж чадахгүй байгаа

Татварын багц хуулийн төсөл дээр МХАҮТ ямар байр суурьтай байгаа вэ?

Татварын багц хуулийн шинэчлэлийг цогцоор нь хийх юм байна гэж найдаж, саналаа илэрхийлэн оролцож байна.

Манай татварын бодлого улс, орон нутгийн төсөв бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах эсвэл зарим салбар болон жижиг, бичил бизнесийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ирсэн.

Татварын хуульд сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь зарим талаар сөрөг үр дагавар дагуулж байгаа. Энэ удаагийн татварын шинэчлэлээр энэ алдааг засах байх гэсэн хүлээлттэй байна. Мөн эдийн засагт гарч байгаа энэ таатай цаг үеийг тохиолдуулан ах ахуйн нэгжүүдэд илүү томрох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх болов уу гэж харж байгаа.

Саяхан болсон Давосын чуулганаар дэлхийн эдийн засагт тулгарч буй гол бэрхшээл болох ажиллах хүчний хомсдолын талаар авч хэлэлцсэн. Энэ бол манай улсад ч гэсэн бодитоор нүүрлэчихээд байгаа асуудал. Тэгэхээр ажил хийж байгаа хүнээ илүү дэмжсэн бодлого баримтлах болов уу.

Одоо мөрдөгдөж байгаа Татварын хууль нь тэгш, шударга байдлыг хангаж чадахгүй байгаа. Улс орны нийтлэг эрх ашиг гэж ярьдаг ч нөгөө талдаа үүнийг хангах бодлого Татварын хуульд дутагдаж байгаа юм.

Жишээлбэл, бид хүн амын орлогыг нэмэгдүүлнэ, өрхийн орлогыг дээшлүүлнэ, хүн амд эзлэх дунджаас дээш орлоготой иргэдийн хувь хэмжээг өсгөнө гэж ярьдаг ч нөгөө талдаа хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар шатлалтай байгаа. Өөрөөр хэлбэл, орлого нэмэгдэх хэрээр төлөх татвар өсөхөөр зохицуулсан. Хувь хүн дээр орлогоос хамаарч 10, 15, 20 хувиар, ААН дээр 1, 10, 25 гэсэн хувь хэмжээгээр татвар ногдуулдаг.

Б.Мөнхзул: Хүн амын орлогын албан татвар болон

татвар хөнгөлөх дүнг  жигд болгоё

Ямар үндэслэлээр хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг ялгамжтай тооцож байгаа юм бол?

Тэгэхээр нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварыг нэгэн жигд хувь хэмжээтэй болгох шаардлагатай. Нэг сая төгрөгийн цалинтай ч бай, 10 сая төгрөгийн цалинтай ч бай 10 хувийн татвар төлөхөд хувь хэмжээ нь адилхан ч үнийн дүн нь өөр байна. Гэтэл 10 саяын цалинтай хүнээс 10 биш 20 хувийг авъя гэдэг нь хувь хүний хичээл зүтгэл, мэдлэг ур чадварыг үнэлэх үзэл санааг дэмжихгүй байгаа хэрэг. Мөн яриад байгаа бодлоготойгоо татвар нь зөрчилдөж байна гэсэн үг. Орлогоос нь хамаарч ялгавартай хандаж байгаа нь тэгш, шударга байх зарчмын эсрэг байгаа юм. Тэгэхээр хүн амын орлогын албан татварыг нэгдүгээрт ялгаваргүй, тэгш болгоё, хоёрдугаарт тэр нь 10 хувь байя гэдэг санал байна.

ХАОАТ-ын хөнгөлөлтийг мөн л цалингийн дүнгээс хамаарч шатлалтай тогтоодог. Хамгийн бага орлоготой иргэд жилдээ дөрвөн хувийн, хамгийн өндөр орлоготой иргэд 0.4 хувийн хөнгөлөлт эдэлдэг. Тэгэхээр орлого нь бага байх тусмаа бага татварын хөнгөлөлт бага эдэлж, их байх тусам өндөр хөнгөлөлт эдэлж байна.

Үүнийг болиулаад, бүх хүн адилхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийн 10 хувиас бодож, хөнгөлөлт эдлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Орлогоос үл хамаарч, нийтээрээ нэгэн жигд татвар төлөх, татварын хөнгөлөлт эдлэх гэх мэт суурь бодлогоо зөв болгох нэн шаардлагатай байгаа. Үүнийг энэ удаагийн татварын шинэчлэлээр хийх байх гэж найдаж, хүлээж байна.

Б.Мөнхзул: Ажилтнаа хөгжүүлэхэд гаргасан зардлыг

татвар ногдох орлогоос хасах нь зүйтэй

Дөнгөж эхэлж байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд уул уурхайн салбар мэт орлого нь том дүнгээр тоологддог компаниудтай  адилхан хэмжээгээр татвар ногдуулах нь шударга гэж үү?

Аж ахуйн нэгжийн тухайд гарааны бизнесүүдийг эхний таван жилд дэмжих үүднээс нэг хувийн татвар тогтоож болно. Бусад нь нэгэн жигд 10 хувийн татвар төлдөг байя гэсэн байр суурьтай байгаа. Таны хэлсэнчлэн, улсын эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа нэг салбар бий, тэр салбарын татварыг шаардлагатай гэвэл 25 хувиар үлдээж болох юм.

Монголд дотооддоо хийж чадаж байгаа юм маш ховор. Хөнгөн хүнсний, тэр дундаа хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1500 орчим аж ахуйн нэгжээс ердөө 1000 орчим нь л НӨАТ төлдөг. Бусад нь жилийн 50 сая хүрэхгүй төгрөгийн борлуулалт хийж байна гэсэн үг. Ийм жижигхэн зах зээл дээр арай ядан оршин тогтнож байна шүү дээ.

Нөгөөтэйгүүр, ажилтнуудыг сургалтад хамруулах, идэвхжүүлэх зэрэг зориулалтаар гаргасан зардлуудыг татвар ногдох орлогоос хасах нь зүйтэй. Ажиллах хүчний хомсдолтой байхад ажил олгогчид аль болох хүнээ урамшуулах, хөгжүүлэх шаардлагатай байгааг харгалзан үзэх хэрэгтэй.

Б.Мөнхзул: Нэгийг нь аврах гээд нөгөөг нь

дэгээдэж унагаадаг буруу жишиг манайд тогтсон

Тэгвэл НӨАТ-ын хувь хэмжээний тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

НӨАТ-ын тухайд, нэгдүгээрт, хувийг тохиромжтой хэмжээнд хүргэх, хоёрдугаарт НӨАТ төлөгчдийн тоог бааз суурийг өргөтгөх замаар эдийн засгийг эрүүлжүүлэх шаардлага тулгарч байгаа. НӨАТ-ын баримт авахгүй гэвэл 10 хувь хасаж тооцъё, нэхэхээр үнээ 10 хувиар нэмнэ гэдэг харилцаа байдгийг бид мэднэ. Энэ байдлаас гарахын тулд хувь хэмжээг нь бууруулах эсвэл дэлхийн практикт байдаг ялгамжтай хувь хэмжээгээр НӨАТ тогтоох аргыг нэвтрүүлж боллох юм.

Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн “Хүнсний хувьсгал” гэх мэт  энэ салбарыг дэмжих бодлого сүүлийн хоёроос гурван жилд хэрэгжиж буй. Тэгвэл энэ салбарт НӨАТ-ыг тодорхой хугацаагаар бууруулж, таван хувиар тогтоож болно. Дотоодын үйлдвэрлэгчид байсан тулдаа хэдүүлээ Коронавирусын хоёр жилд дотоодынхоо хүнсийг яаж ийгээд аргацаасан. Хэрвээ бид дотооддоо юу ч хийж чаддаггүй байсан бол ямар байдалд орох байсныг бүгээрээ л мэдэрсэн шүү дээ. Тэгэхээр НӨАТ-ын хувийг бууруулах нь маш чухал.

НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйлд заасан хэсэгчилсэн бодлогоор зарим салбарыг НӨАТ-аас бүр чөлөөлсөн байдаг. Жишээлбэл, гурилын үйлдвэрлэлийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тэдэнд өсөж хөгжих санхүүгийн боломж бүрдэж байгаа юм. Гэтэл дараагийн буюу боловсруулах шатны үйлдвэрүүд дээр очихоор НӨАТ-тай болох ёстой. Тэгэхээр өмнөх шатанд төлөгдөөгүй НӨАТ-ыг дараагийн шатанд нөхөж төлчихж байгаа юм. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа эцсийн хэрэглэгчид буюу бид дахиад НӨАТ төлж байна гэсэн үг. Дундаас нь нэгийг нь НӨАТ-аас чөлөөлөхөөр дараа дараагийн шатандаа хүндрэл учирж байна. Нэгийг нь аврах гээд, нөгөөг нь дэгээдэж унагаагаад байгаа юм. Ийм буруу жишиг манайд тогтсон. Тэгэхээр улсынхаа нийтлэг эрх ашгийг бодоод, НӨАТ-ын хувийг тохиромжтой хэмжээгээр тогтоогоод, бүгдээрээ л төлдөг болъё гэсэн саналтай байгаа. Хөнгөлөлт, чөлөөлөлтөө больчихъё л доо.

Эсвэл нөгөө аргаар нь бодож үзье. НӨАТ-ын хуулийн 14 дүгээр зүйлд заасан байгаа. Өмнөх шатанд нь НӨАТ төлсөн бол дараагийн шатнаас нь НӨАТ-ыг хасдаг арга бий. Тэгвэл хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бодитойгоор бууруулах боломж бий.

Бас нэг зайлшгүй засах заалт бий. НӨАТ-ын хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт барилгад оруулсан хөрөнгө орууллатыг 10 жилд хувааж НӨАТ-аас хасдаг. Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын дүнг болохоор таван жилд хуваагаад, НӨАТ-аас чөлөөлдөг.

Барилга барина гэдэг байнга хийдэг ажил биш. Маш их бэлтгэл, хичээл зүтгэл, хөрөнгө оруулалт шаардагддаг. Зөвхөн барилгын ажил нь 1-2 жил үргэлжилдэг. Барилга байгууламж, үйлдвэр барилаа гэхэд зээл авдаг. Тэгэхээр зээлийн хүүгийн зардал, дээр нь ашиглалтын зардал, цалин хөлсний зардал нэмэгдэнэ. Багадаа гурван жил болно. Гэтэл аль хэдийнэ төлчихсөн байгаа зардлыг заавал 10 жилд хувааж олгоно гэдэг. Нөгөө талдаа сар бүр НӨАТ-аа төлж л байдаг.

Тоног төхөөрөмжийн тухайд, зарим нь 2-3 жил болоод л солих шаардлагатай болдог. Эдэлгээ, ашиглалтаасаа хамаарна. Тэгэхээр шинэчлэл хийгээд дараагийн тоног төхөөрөмжөө авах болчихсон байхад өмнөх тоног төхөөрөмжид ногдуулсан, аль таван жилийн өмнө төлчихсөн НӨАТ-ын буцаан олголт дуусаагүй л байдаг. Төлсөн үед нь буцаагаад олгодог зарчим өмнө нь манайд үйлчилж байсан. Тэр зарчмаа сэргээж өгөөч ээ гэсэн бизнес эрхлэгчдийн нийтлэг санал хүсэлт байгаа.

2019 оны татварын шинэтгэлийг хийх үед бид Ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан ч өнөөдрийнх шиг саналуудыг илэрхийлж чадаагүй. Тэр үед манай улсын эдийн засаг тийм ч сайнгүй байсан. Бид чинь бас улс орныхоо эрх ашгийг бодно шүү дээ. Одоо бол эдгээр өөрчлөлтийг хийх боломж бүрдсэн болохоор бид саналаа зоригтойгоор тавьж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: