Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.29 08:52
674
Ц.Ганбат: Гадаадын хөрөнгө оруулалтыг ойлгоод зөв ашиглавал хамгийн үр өгөөжтэй

Дэлхий нийтээрээ эрүүл амьдралын хэв маягт шилжиж буй энэ үед хиймэл бордоо, нөөшлөгч будаг, амт оруулах нэгдэл ашиглалгүй органик бүтээгдэхүүнийг 26 жилийн турш хэрэглэгчдийн гарт хүргэж ирсэн “Газар шим үйлдвэр” ХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Ганбаттай ярилцлаа. 

- Сайн байна уу. Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн ууган компани болох “Газар шим үйлдвэр” ХК өнөөдрийг хүртэл 26 жилийн түүх бүтээжээ. Компанийхаа тухай мэдээлэл өгөөч?

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Газар шим үйлдвэр ХК-ийг анх ГБТ трейдинг гэдэг нэрээр Монгол улсад анхны жимс, хүнсний ногоо, салат консерв үйлдвэрлэе гэсэн зорилготойгоор 1999 онд үүсгэн байгуулж байсан. Өдгөө компани маань 26 жилийн түүхтэй болсон байна.

Газар шим үйлдвэр ХК маань үйлдвэрлэл эхэлсэн эхний жил 2 төрлийн 20 мянган шил консерв үйлдвэрлэж байсан бол одоо 60 нэр төрлийн 8 сая орчим шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ салбартаа тэргүүлж байна.

- Анх ажлын гараагаа хэрхэн эхэлж байв. Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?

1993 онд би Польш улсаас хүнсний бараа авах гэж очиж байхдаа анх бизнесийн санаагаа олж байсан юм. Хаа холоос тухайн улсыг зорьж очсон болохоор төрөл бүрийн барааг олж ачуулах санаатай явж байгаад Куявский гэдэг салатыг анх харж байсан юм. Монгол айл болгоны гэрийн эзэгтэй нарын гэртээ хийж болохоор зүйлийг энэ холоос зөөж байхаар ажил болгоё гэж бодсон.

Анх 2 ажилтантай 60 мкв байр түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 250 гаруй ажилтантай 10000 мкв бүхий оффис, үйлдвэрийн байр, агуулахтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

- Шинэ он гараад удаагүй байна. Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөөч. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү?

Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанартай сайн түүхий эд, найдвартай хангамжтай байх хэрэгтэй. Энэ үүднээс ногооны зоорь барихаар төлөвлөн ажиллаж байна. Барилгын ажил маань эхэлчихсэн явж байна. 2500 тн багтаамжтай орчин үеийн иж бүрэн зоорийг 2025 ондоо багтаан ашиглалтад оруулна. Монгол улс дотоодын хүнсний ногооныхоо зах зээлийг бүрэн хангах зорилтыг тавьчихсан байгаа. Тиймээс бид өөрсдийн хэрэгцээт ногоог хадгалаад, илүү гарснаар нь  нийслэлийн хөдөлмөрчдийн хэрэгцээнд нийлүүлэх болно.

Шинэ бүтээгдэхүүний хувьд бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалт дээр анхаарал тавин ажиллаж байна. Монголчуудын хүнсний өргөн хэрэглээний кетчуп, майонез, чили соус, паста соус, хүүхдийн нухаш зэргийг зах зээлд гаргахаар ажиллаж байна. Тиймээс чанартай сайн бүтээгдэхүүн гаргаад зах зээлээ бүрэн хангах зорилготой байна.

- Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа вэ?

Одоогоор бид өргөст хэмх, салат, компот, зөгийн бал, шимт нухаш, эрүүл мэндийн ундаа гэсэн 6 нэр төрлийн 60 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Бид бүтээгдэхүүндээ химийн аргаар гаргаж авсан тогтворжуулагч консервантуудыг огт хэрэглэдэггүй. Зөвхөн дулааны аргаар боловсруулж бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгадаг гэдгээрээ онцлог юм.

- “Газар шим үйлдвэр” ХК нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргээд зогсохгүй, хувьцаа эзэмшүүлсэн. Одоогийн байдлаар нийт хэчнээн хэрэглэгч хувьцаа эзэмшиж байгаа вэ?

Бид үндэсний үйлдвэрлэгч бөгөөд салбартаа тодорхой хэмжээнд байр суурийг эзэлсэн компани юм. Үйл ажиллагаагаа илүү өндөр түвшинд хүргэж хөрөнгийн зах зээл дээр гаран олон нийтэд хувьцаагаа зарж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье, засаглалаа сайжруулъя гэсэн зорилгоор 2023 онд нээлттэй хувьцаат компани болсон. Одоогоор хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хэрэглэгч хувьцаа эзэмшиж байна.

- Монголын зах зээлд үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэдэг хүндрэлтэй.  Шинээр ажлын гараагаа эхлүүлж буй ААН-үүд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Шинээр ажил эхлэх гэж байгаа бол эхлээд зах зээл ялгарах өвөрмөц бүтээгдэхүүн хөгжүүлж гаргаж ирвэл амжилттай байх суурь нөхцөл болно. Одоогийн байгаагийн зах зээл дээл ялгарал үүсгэж болохуйц, өвөрмөц давуу талтай бүтээгдэхүүн хийх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж ийм бүтээгдэхүүн гаргалаа гэхэд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Үйл ажиллагаа явуулах байр, тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөц байх хэрэгтэй. Энэ нь буцаад эргэлтэд ороод явах гарааны капитал хэрэгтэй. Гарааны капиталыг маш сайн тооцоолох хэрэгтэй. Одоо бол зах зээл өрсөлдөөн ихтэй ширүүн болчихсон энэ үед зөв тооцоолж, төлөвлөж байж л амжилтын үзүүрээс атгаж авна шүү дээ.

Мөн дараагийн анхаарах зүйл бол арвич хямгач байх хэрэгтэй. Компаниа зах зээл дээр олох хүртэл олсон мөнгөө хямгадаж өөрөөсөө хүртэл харамлаж байх хэрэгтэй гэж би боддог. Мөнгө ороод ирэх үед хувийн хэрэглээндээ зарцуулдаг хүмүүс их байдаг. Үр ашиггүй зарцуулснаасаа болоод санхүүгийн хүндрэлд орж бизнес нь зогссон, цаашаа өргөжиж чадаагүй тохиолдлууд байдаг. Тиймээс санхүүгийн сахилга бат, зөв зарцуулалт маш чухал юм.

- Анх бизнес эхлэхэд санхүүгийн хүндрэлтэй тулгарах нь бий. Гаднаас хөрөнгө оруулалт босгох шаардлага гарч байв уу?

Энэ хөрөнгө оруулалт их онцлог. Найзын итгэлцэл дээр тулгуурлан хийсэн хөрөнгө оруулалт л даа.

Герман найз Мелцер Штеффен 2001 онд надад итгэлцлийн хүрээнд 70,000 дойче марк буюу тухайн үеийн ханшаар 100 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж байсан. Хөрөнгө оруулалт хийгээд компанийн 15%-ийг эзэмшихээр болсон. Одоо манай компани 60 саяын үнэлгээтэй компани болсон байна.

Штеффен маань тухайн үед хөрөнгө оруулалт хийгээд одоо 20 жилийн дараа саятан болсон байна.

- Итгэлцэл, хөрөнгө оруулалтын ач холбогдлыг юу гэж боддог вэ?

Хөрөнгө оруулалт бол ойлгоод зөв ашиглавал хамгийн үр өгөөжтэй. Зөв ашиглахгүй хөрөнгө оруулалт авчхаад өөрийн машинаа томруулаад байвал хэзээ ч үр өгөөжөө өгөхгүй. Ашиглалтын хувьд зээлээс илүү үр дүнтэй. Санхүүгийн эх үүсвэр олдохгүй үед гадаадын хөрөнгө оруулалт авах боломж гарвал сайн хэрэг. Төлдөг хүү, хөрөнгө оруулалт авснаар хүлээх хариуцлага, ирээдүйд олох ашгаасаа хөрөнгө оруулалтдаа ногдол ашиг өгөх гэх зэргээ үнэлж тооцоолох хэрэгтэй. Гадаадын мэргэшсэн мэргэжлийн хөрөнгө оруулагчтай хамтрах юм бол маш олон хүндрэл бэрхшээлийг алгасаад тэр мэргэжлийн хүн мэдлэгээр технологиор богино хугацаанд сайн бүтээгдэхүүн гаргах ур чадварыг сурах боломжтой. Энэ бол хамгийн том давуу тал юм.

- Харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Эдүгээг хүртэл бидний хичээл зүтгэл, үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, урамшуулж сайшааж ирсэн эрхэм харилцагч, хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье.

Бид бүтээгдэхүүнийхээ чанарыг үргэлж сайжруулж, хэрэглэгч та бүхэндээ эрүүл шимтэй хүнс нийлүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллахаа амлаж байна.

-Баярлалаа