Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.01.29 12:14
14788
Уснаас хуурай гарсан патролын жолооч Э.Мөнхнаран гэж хэн бэ?

Дүнжингаравын уулзварт Дашваанжил ХХК-ийн газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл дэлбэрснээс хойш жилийн хугацаа өнгөрчээ.

Харин Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Ренцэндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 буюу Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах, 11.5 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэдэг зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч  патрол машины жолооч Э.Мөнхнаранг шинжээчдийн баг буруугүй гэж үзжээ .

Осол болох үеийн бичлэгээс үзвэл патрол маркийн тээврийн хэрэгсэл Дашваанжил ХХК-ийн том оврын тээврийн хэрэгслийн сохор бүс руу шахаж, шүргэлцэн улмаар газ алдаж дэлбэрч буй нь харагддаг. Гэвч найман төрлийн 98 шинжээчийн дүгнэлтээр Э.Мөнхнаранг буруугүй гэж үзсэн аж.

Мөн дээрх хэрэг гарсны дараа Дашваанжил ХХК-ийн жолооч Ч.Ренцэндоржийг цагдан хорьж хэргийг нь шалгаж байгаа гэх мэдээлэл өгч байсан ч Патролын жолооч Э.Мөнхнаранг 48 цаг цагдан хорьсон гэхээс өөр мэдээлэл байхгүй байна. Мөн түүний өмнө нь эрхэлж байсан ажил, сурч төгсөж байсан сургууль зэрэг мэдээллүүд олдохгүй, бүгд устжээ.

Патролын жолооч Э.Мөнхнаранг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү, хамаатан, хамаарал бүхий этгээд гэх албан бус яриа гарсан нь иргэдийн анхаарлыг ихээр татсан. Үүнээс улбаалан өндөр албан тушаалтны үр хүүхэд, хамаатан садан, хамаарал бүхий этгээд уснаас хуурай гардаг гэх иргэдийн шүүмжлэлийг ихээр хүртээд байна.

Мөн Э.Мөнхнаран осол гарах үед Батлан хамгаалах яамны харьяаллын буюу албаны 1459 УНМ улсын дугаартай патрол маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан нь тогтоогдсон байдаг. Тэрээр Батлан хамгаалах яамны харьяа "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд найман сарын нүүрийг үзэж буй. Гэвч найман сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн, шинжээчдийн баг түүнийг буруугүй гэж үзсэнээс өөр мэдээлэл байхгүй байна. 

НПГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа тус хэргийг шүүхэд шилжсэн талаар мэдээлсэн. Тэрээр, Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугласан материалуудыг үндэслэн Дашваанжил ХХК-ийн удирдлага Н.Баатаржав, жолооч Ч.Ренцэндорж нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан 4 иргэн, 3 алба хаагч буюу нийт 7 хүний амь насыг хохироосон. Мөн ослын улмаас 5 хүний эрүүл мэндэд хохирол учирсан. 1 хүнд хүндэвтэр гэмтэл учирсан бол иргэдийн эд хөрөнгөд хохирол учирсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ одоогоор 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх тооцоолол гарсан. Хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн юм.