Хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэрийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц нар мэдээлэл хийлээ.
Х.Баасанжаргал: Уяачид Засгийн газарт маш том лобби явуулж байна.
Би хариуцлагатайгаар мэдэгдэхэд, бид өв соёлыг устгахдаа биш хүүхдийн эрх, амь насыг ярьж байна. Өвөл, хавартаа биш зуны дэлгэр цагтаа энэ уралдаанаа зохион байгуулах ёстой.
Түүх сөхөхөд, 2017 онд зохион байгуулагдсан Дүнжингарав уралдааны дараа шүүхээс энэ хэрэг шийдэгдтэл ямар ч уралдаан зохион байгуулахгүй байхыг ЗГ-т даалгасан. Гэтэл энэ шийдвэрийг үл тоомсорлоод бидний санаж байгаагаар "Шөнөжингарав"-ыг зохион байгуулснаар шат, шатны шүүхийн шийдвэр гарсан.
Ийнхүү Засгийн газар бид хүүхдийн эрхийг зөрчсөн байна, дахиж хүүхдийг ийм эрсдэлтэй байдалд оруулахгүй гээд шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг 2019 онд баталж байсан.
Гэтэл өнөөдрийн Засгийн газрын шийдвэр бол Монгол улсад хууль дээдлэх ёс байна уу, үгүй юу гэдгийг олон улсын өмнө харууллаа. Дахин хэлье, дахиад шүүхийн өмнө очих болно. Засгийн газар ҮХЦ-ийн өмнө очиж тайлбар хийх ёстой. Бас нэг зүйл нь Засгийн газар маш зальжин шийдвэр гаргаж, хүүхдийн эрхийн төлөөх ажлаа өөрсдөөсөө зайлуулж, орон нутгийн удирдлагуудад хариуцлагыг нь үлдээчихлээ. Олон улсын гэрээгээр хүүхдийн төлөөх бүх ажил ЗГ-т байдаг атал орон нутаг руу шидэж байгаа нь маш харамсалтай.
Хурдан морины уралдаан ганц өдрийн ажил биш, маш олон өдрийн сунгаа, бэлтгэлд ажил гээд хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хаадаг. Энэ тогтоолыг эцэслэн шийдэх хүртэл амжаад уралдаан тэмцээн зохионо гэж уяачид бодож байж магадгүй. Тэгэх ямар ч боломжгүй гэдгийг хэлье.