Хүүхдийн эрхийн төлөө ард түмэн жагсдаг бол манай улсад хүүхдийн эрхийн эсрэг жагслаа. Өнгөрсөн 7 хоногт өвлийн уралдааныг сэргээх зорилготой морьтой жагсаал болж өнгөрсөн.
Гэвч тус жагсаалыг морь уядаггүй ч уясан нэр, цол чимгийг нь булаан авдаг “уяач” нэртэй эрхмүүд хийлгэсэн гэх албан бус мэдээлэл цахим орчинд таржээ. Үнэхээр өв соёлоо сэргээх зорилготой жагсав уу, Олон түмэн өвлийн уралдаан үзэхийг хүссэндээ жагсав уу?
Манай улс шиг хүүхдэд ээлгүй улс орон дэлхийн хаана ч байхгүй биз ээ. Өнөөдөр аймаг, орон нутаг нь баяр, наадам, уралдаан тэмцээнээ өөрсдөө шийдэж зохион байгуулах эрхийг нь өгчихлөө. Харин засгийн газраас зөвлөмж гаргаж өгнө гэх.
Өөрөөр хэлбэл, Өвлийн уралдаан зохион байгуулбал өөрсдөө мэдэж хий. 12 наснаас дээш насны хүүхдийг морь унуул. Хамгаалах хэрэгслийг нь хэрэглүүлж гэмтэж бэртэж, амь насаа алдсан тохиолдолд өөрсдөө хариуцлагаа хүлээгээрээ гээд л хэлчихлээ гэсэн үг.
2023онд 79 хүүхэд хүнд, 71 хүүхэд хөнгөн бэртсэн байдаг бол 2023 онд 212 хүүхэд мориноосоо унаж, 87 хүүхэд хөнгөн, 5 хүүхэд хүнд гэмтэл бэртэл авсан байдаг байна. Мөн өнгөрсөн онд 4 унаач хүүхэд уралдааны үеэр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байжээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 46 унаач хүүхдийн амь нас хохирсон гэдгийг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хэлжээ.
Гэвч энэ тоо нь зөвхөн тус байгууллагад бүртгэгдсэн тоо баримт. Өвлийн уралдааныг нууцаар хийдэг шигээ унаж бэртэж эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүүхдийг тоог нуун дарагдуулсан байх магадлал өндөртэй.
Харин Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 1, 2-р сард морь унаж, уралдаад гэмтэж бэртсэн хүүхдүүдийн тоо нууц хэвээр байсаар байна. Уралдаан зохион байгуулсан хүмүүст ямар ч хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй байна гээд хээв нэг яриад зогсож байх юм. Аймаг, орон нутаг нь өөрсдөө мэдэж шийд гэдэг нь засгийн газар өөрөөсөө л хэл амыг холдуулж буй үйлдэл болов уу?
Ганцхан кейс дурдъя. 2023 онд эцэг эх нь өөрийн хүү болох 9 настай О-г өрөө төлж дийлэхгүйдээ тулж морь унуулахаар болсон байна. Гэвч тус уралдаан 3-р сарын 31нд буюу хориглосон хугацаанд болж хүү хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдэн цагдаа шалгаснаар илэрчээ. Тус хэрэг Дорнод аймагт болсон бөгөөд шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10.1 дэх хэсэгт зааснаар буюу хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн гэж үзэн 3,500,000 төгрөгийн торгох ял оногдуулсан байдаг байна. Үүнээс дүгнэхэд хүүхдийн амь нас ердөө 3 сая төгрөгийн л үнэтэй болж.
Хамгийн сэтгэл өвтгөмөөр нь ардаа татлаа түтлээгүй, араас нь эвий минь хөөрхий минь гэх эцэг, эхгүй асрамжийн газрын хүүхдүүдээр морь унуулдаг гэж ХЭҮК-оос мэдээлсэн.
Өв соёлоо юунаас ч илүү эрхэмлэн дээдэлдэг түмэн энгийн ардын хүүхдийн амиар наадаж, дэнчин тавьж баярлахдаа тулаагүй байлтай.
Эцэст нь хэлэхэд Цол чимгийн төлөө өвөл морь уралдуулах гээд чичрээд байгаа эрхэм уяач та өөрийн үр хүүхдээрээ унуул эсвэл өөрөө унаад уралдвал яасан юм бэ?