Э.Ирэхбаяр
Редактор
Гадаад мэдээ
2025.01.29 15:27
1368
Александр Лукашенко: “Хэн нэгний амыг барихыг зөвшөөрөхгүй, цаашид ч ийм байх болно”

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко долоо дахь удаагаа ялалт байгуулсны дараа сэтгүүлчидтэй уулзжээ. ВВС агентлагийн сурвалжлагч Стив Розенберг асуулт тавьж, Лука ийнхүү хариулжээ.

Лукашенко: Аан, Стив үү? Чи ямар хорон асуулт бэлдчихсэн байж байна даа? Дандаа л тэгдэг хүн дээ.

Стив Розенберг: Өглөөний мэнд!

Лукашенко: Өглөөний мэнд, Стиви!

Стив Розенберг: Таны хамгийн хүчтэй, хурц өрсөлдөгчид цөллөгт, эсвэл шоронд байгаа энэ нөхцөлд та энэ сонгуулийг яаж ардчилсан гэж нэрлэж чадаж байна вэ?

Лукашенко: За, асуусан юм чинь хариулъя. Хүн шоронд байх уу, цөллөгт байх уу гэдэг бол сонголт юм. Энэ бол ардчилсан зарчим. Хэн нэгэн шоронд орсон, хэн нэг нь цөлөгдсөн тухай та ярьж байна. Бид улс орноос хэнийг ч хөөгөөгүй, цөлөөгүй. Тэгж ярих юм бол бид улс орноо нээлттэй болгосон. Бид хүн бүрт боломж олгосон. Энэ тухай би олон удаа ярьсан даа, та нарын ой тогтоолт муудчихаагүй бол санаж байгаа биз. Механизм нь ийм юм, яахыг та л өөрөө мэднэ. Чамд шууд хэлье л дээ, хэрвээ чи хууль зөрчсөн бол энд сууж байхгүй.

Стив Розенберг: Та саяхан хэлж байсан даа. “Бид хэний ч амыг барихгүй” гэж. Тэгж хэлсэн, тийм үү

Лукашенко: Би ямар ч тохиолдолд чиний амыг бариагүй шүү.

Стив Розенберг: Ердөө хоёр өдрийн өмнө та ингэж хэлсэн.

Лукашенко: Тийм ээ, тэгж хэлсэн. Бид улс орноо бүтээн байгуулсан, хэн нэгний амыг барихыг зөвшөөрөхгүй, цаашид ч ийм байх болно.

Стив Розенберг: За, тийм ээ. Таны хүчтэй, тулхтай өрсөлдөгчид сонгуульд оролцож чадсангүй, зарим нь шоронд хоригдож байна. Бүр 1200 улс төрийн хоригдол шоронд байна шүү дээ.

Лукашенко: Байзаарай, зөндөө хүн сулласан. 1200 гэж өнгөрсөн юм яриад байна уу? 200 гаруй хүн сулласан, тэгэхээр хэд үлдэх үү? Чи ер нь сургуульд сурсан хүн үү?

Стив Розенберг: Хэний ч амыг хааж болохгүй гэж байгаа юм бол эдгээр шорон, гяндангийн хаалгыг нээж улс төрийн хоригдлуудыг, Мария Колесниковаг, Сергей Тикановскийг суллах цаг болсон юм биш үү?

Лукашенко: Бурхан минь, ахиад л Марияг яриад уналаа. За яахав, асуултад хариулъя. Чи хэн нэгний амыг хаах тухай яриад байна уу, эсвэл шоронг хаах тухай яриад байгаа юм уу? Амны тухай ярьж байгаа бол нэг хэрэг. Харин шорон хаах тухай ярьж байгаа бол та хэтэрхий том амтай хүн байна гэсэн үг. Хууль зөрчсөн хүн л тэнд байдаг. Битгий давраад байгаарай аа, Стив. Ямар ч улс оронд хууль зөрчвөл хариуцлага хүлээдэг. Хууль бол хатуу, гэхдээ тэр хуулийг би бодож олоогүй.