Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.01.29 15:39
3492
В.Путин: В.Зеленскийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэр зарлигаа цуцалж чадахгүй

В.Зеленский Украины хууль ёсны лидер биш. Тэгэхээр тэрээр Оростой яриа хэлэлцээ хийх тухай өөрийн тавьсан хоригоо цуцалж чадахгүй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлч Павел Зарубиний Telegram сувагт ярилцлага өгөхдөө онцолжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлээд 2024 оны тавдугаар сард дууссан. Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулах байсан ч дайны байдлын улмаас сонгууль болоогүй. Зеленскийн бүрэн эрхийг сунгах асуудлыг Үндсэн хуулийн шүүхээр хэлэлцэхээр төлөвлөж байсан ч мөн хийсэнгүй.

Кремлийн тэргүүний үзэж буйгаар, өнөөдрийн Украины хууль ёсны төрийн тэргүүн нь Дээд Радын дарга Руслан Стефанчук аж. Дээрх нөхцөл байдалд хууль ёсны гарц, гаргалгаа байгаа хэмээн Путин үзэж байна. Тэр нь Украины Дээд Радын дарга Оростой хэлэлцээ хийхийг хориглосон зарлигийг цуцлах. Гэвч Киевийн эрх баригчид үүнийг хийх хүсэлгүй байна хэмээн Путин ярилаа. Оростой хэлэлцээ хийхийг хориглосон Зеленскийн тушаалыг хүчингүй болгохгүй бол ямар ч хэлэлцээ хууль бус болно хэмээн Оросын лидер онцлон анхааруулжээ.