Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш 376 мянган палестин иргэн гэртээ эргэж ирлээ хэмээн НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан хорооноос мэдэгдлээ. Палестин иргэд Газа хот болон Ябалиа, Бейт Лахиа, Бейт Ханун зэрэг дагуул хот дахь гэртээ эргэн ирж байгаа ч байшин барилгын 80 хувь нь бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн юм.
Израилийн Засгийн газар болон Хамас бүлэг нэгдүгээр сарын 19-нд дайны гал зогсоох тохиролцоог батлах хүртэл Израилийн арми эдгээр бүс нутгийг өдөр алгасахгүй бөмбөгдөж, дроноор довтолж байв.
Газын зурваст буцаж ирсэн иргэдийн ихэнх нь балгас болсон байшин, орон гэрийнхээ дэргэд майхан барьж суурьшжээ. НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнууд төв замын дагуу машинтай явж ус, хоол хүнс тарааж, шаардлагатай бол эмнэлгийн тусламж үзүүлж байна. Хүмүүнлэгийн тусламжийн цуваа орж ирснээр палестин иргэдийн нөхцөл байдал хавьгүй дээрдэж байгааг хэвлэлүүд онцолж буй. Аюулгүй байдлын үүднээс өмнө нь нэвтэрч болдоггүй байсан бүс, дүүрэгт тусламж хүргэх боломжтой болжээ.