Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.01.29 18:28
605
Өндөр өртөгт оношилгооны 70 хувийг ЭМДС-гаас нөхөн олгож байгаа гэв

Утааны хэлэлцүүлгийн үеэр оролцогчид агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг бэхжүүлж, илүү чадамжтай болгох талаар санал хэлж байв. Хэлэлцүүлгийг удирдаж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ЭМДС-г иргэдэд илүү хүртээмжтэй болгосон гэдэг тайлбар өглөө. Тэрээр хэлэхдээ “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний амин сүнс нь даатгалын тогтолцоо гэдэгтэй санал нийлнэ. Найм дахь удаагийн парламентаар шийдэж чадсан нэг зүйл бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг төлөвлөгөөт байдлаар хийдэг байсныг зогсоож, гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон явдал юм. Үүний үр дүнд ор түшиглэж биш эмчилсэн хүн бүрдээ санхүүжилт авах боломж бүрдэж, 405 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр 2.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй болсон.

Хоёрдугаарт, төлөвлөгөөт санхүүжилтийн тогтолцоотой байхад нэг иргэнийг жилд хоёр сая төгрөгт багтаан эмчил гэдэг байсан. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын мөнгө хэмнэсэн гээд бие биеэ урамшуулдаг байсан. Тэр бүү хэл банкны барьцаанд тавиад одоо хүртэл барьцаагаа чөлөөлж чадаагүй байгаа. Энэ бүх алдааг шинэчилсэн хуулиараа зассан юм.

Гуравдугаарт, өндөр өртөгт оношилгооны 70 хувийг ЭМДС-гаас нөхөн олгож байгаа. Энэ бол том дэвшил.

Мэдээж сайжруулах шаардлагатай зүйл байгаа. Бид тоног төхөөрөмж худалдан авдаг ЭМЯ-тай болж хэрэггүй. Харин үзсэн хүн болгоны өмнөөс даатгалаас нь санхүүжүүлж чаддаг тогтолцоо руу оръё гэж байгаа юм. Тэр утгаараа бид Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад стратегийн худалдан авалт гэх мэт олон зүйлийг тусгаж, хувийн хэвшийн оролцоог дэмжиж өгсөн. Тэр тоног төхөөрөмжийг оруулж ирээд, хүн оношилсных нь төлөө санхүүжилтийг хийдэг байх тогтолцоонд шилжсэн. Одоо энэ үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Нөгөө талаасаа ЭМДС маань даах чадамж бүхий мөнгөтэй байх ёстой. Үүний тулд баялгийн орлогоос хүн амын эрүүл мэндийг хамгаалахад санхүүжилт хийдэг байх талаар яригдаж байгаа.” гэв.