М.Энхмандах Ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг. Түүний хувьд өнгөрөгч жилээс интерактив хичээлийг судалж эхэлсэн ба уг хичээлийн талаар өөрийн бодлоо хуваалцсан юм.
Би хичээлээ олон удаа үздэг
Заримдаа хичээлээ ойлгохгүй тохиолдол гардаг. Тэгээд даалгавраа хийхдээ ах, эгчээсээ тусламж авдаг. Энэ жилээс манай анги интерактив хичээлийг үзэж байгаа.
Яг л хүүхэлдэйн кино шиг ахиж үздэг болохоор надад амар байдаг. Ойлгохгүй бол ахиад үзнэ.
Хэд үзээд ойлгочихдог учраас хичээлээ мартдаггүй. Хичээлээ ойлгочихвол даалгавраа хийхэд амархан байдаг. Хичээл богино болохоор надад амар санагдсан.
Гэрийнхэндээ сурсан мэдсэнээ хэлж өгдөг
Би хүн ба орчин интерактив хичээлд дуртай. Яг л бидний амьдралд тохиолддог зүйл гардаг. Би зун цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваад дугуйтай хүнтэй мөргөлдсөн. Харин хичээлээ үзээд дугуйн зам гэж тусдаа байдгийг мэдэж авсан. Намар би цэцэрлэгт хүрээлэн орохдоо дугуйн замтай хэсгээр яваагүй. Аав ээждээ дугуйн замаар зорчиж болохгүйг хэлж өгсөн.
Харин Монгол хэлний хичээл дээрээс өөрийн хамаатнуудаа нэрлэж сурсан. Авга ах, нагац ахын ялгааг мэдэж бас тэдний хүүхдүүдийг юу гэж нэрлэхээ мэдэж авсан. Өмнө нь яг хэний ах, хүүхэд гэдгийг сайн мэддэггүй байсан. Одоо би бүгдийг нь нэрлэж чадна.
Даалгавраа дуртай хийдэг
Даалгавар хийх хааяа хэцүү байдаг. Хичээлээ сайн ойлгоогүй бол бодсоор байгаад орой болчихдог. Даалгавраа хийлгүй анги дээрээ олон удаа очиж байсан. Харин интерактив хичээлийг үзээд хичээлээ сайн ойлгож байгаа. Тийм болохоор даалгавар хийхэд амар байдаг. Аав ээж, ах эгч нараасаа юм асуухгүйгээр өөрөө хийгээд дуусгадаг. Хурдан хийвэл надад кино үзэх, тоглох зав их гардаг.