Э.Ирэхбаяр
Редактор
Байгаль орчин
2025.01.30 12:26
374
10 мянгаас доош хүн амтай сум, сууринд амьдардаг бол хохь чинь гэх нь зөв үү

Өнгөрөгч оны 11 дүгээр сараас эрчим хүчний үнийг 30-200 хувь хүртэл нэмсний дараа иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зүгээс эрчим хүчний төлбөртэй холбоотой гомдол тасрахгүй болсон. Үүний зэрэгцээ эрчим хүчний тарифын хөнгөлөлт орон нутагт үйлчлэхгүй байна, тиймээс үнийн нэмэгдэл хөдөөгийн иргэдэд илүү хүнд тусаж байна гэсэн гомдол манай редакцид ирсэн юм. Үүний дагуу холбогдох газруудаас тодрууллаа.

ЗГ-ын 2017 оны 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан.

Энэ журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 724 дүгээр тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 3 дахь зүйлд “Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлсүгэй.” гэж заасан байна.

Тэгэхээр арван мянгаас доош хүн амтай сум, суурин газруудад тарифын хөнгөлөлт хамаарахгүй гэсэн үг. Монгол Улсын 330 сумын 50 гаруй хувь нь 3000 ба түүнээс доош хүн амтай.

Арван мянгаас дээш хүн амтай хоёрхон сум бий. Нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, нөгөө нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум. Энэ хоёр сум тус бүр 20 мянга орчим хүн амтай. Тэгэхээр бусад 328 суманд аж төрж байгаа иргэд тарифын хөнгөлөлтөд хамрагдаагүй байх нь. Нийт хүн амын 20 гаруй хувь шүү дээ.

Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр иргэд амьдралын чанарыг эрхэмлэх болсон. Хөдөөгийн иргэд ч ялгаагүй. Хэдийгээр хүн амын нягтаршил сийрэг, тэр хэрээр агаарын бохирдол бага байж болох ч эдгээр сумдад амьдарч байгаа иргэд нүүрсэн галлагаа болон модон жорлонгоосоо салж, хашаандаа, хувийн байшиндаа аятай тухтай, эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй. Модон жорлонтой байна гэдэг хөрсийг бохирдуулж, улмаар агаарын бохирдолд ч сөргөөр нөлөөлдөг.

Гэвч эрчим хүний үнэ нэмэгдсэн, дээр нь тарифын хөнгөлөлт тэдэнд хамаагүй болохоор пийшингээ буулгаад, тогоор халаалтаа шийдсэн айл өрхүүд хамгийн хүнд байдалд ороод байгаа гэдгийг орон нутгийн иргэд хэлж буй. Тухайлбал, тогоор халаалтаа шийдсэн өрхүүд түрүү өвөл 200 мянга орчим төгрөг сард төлдөг байсан бол энэ өвөл сардаа 700 мянгыг төлөх болжээ.

Пийшингээ хараахан буулгаагүй айлууд өдөртөө галлаж, шөнөдөө тогоороо халааж байгаа бол пийшингээ нэгэнт буулгачихсан айлууд халаалтаа өдрийн цагаар хэд хэдэн удаа зогсоох зэргээр аль болох тогоо хэмнэх гэж хичээж байгаагаа ярьж байна.

Монголын төр иргэдээ ялгаварласан энэхүү шийдвэрээ эргэн харах хэрэгтэй болов уу. Эс бөгөөс хөдөөд сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хот руу чиглэсэн их урсгалыг сааруулах зорилт тань "мянгуужингийн үлгэр" болох биз ээ.