УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатаас хаврын хурдан морины уралдааны асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Энэ бол хоёр талтай асуудал. Хөдөө орон нутагт мал аж ахуйгаа эрхлээд, хурдан морь уядаг иргэд маань хаврын морин уралдааныг сэргээх ёстой гэж байгаа. Өв соёл талаасаа ч тэр дэмжмээр байдаг ч хүүхдийн эрх яригддаг. Хаврын хүйтэн, нойтонд хүүхэд уралдахаар хэцүү гээд л ярьдаг. Хүүхдийн эрх дээр ярихад эцэг эхийн нөлөө бас чухал.
Ядруухан айл нь хүүхдүүдээрээ морь унуулаад өрхийн орлогодоо нэмэрлээд, уяачдад ашиглуулдаг гэж л ойлголоо. ЗГ-ын шийдвэр дээр бол бусдын л адил шүүмжлэлтэй хандаж байгаа. Нэгэнт шүүхийн тогтоол байгаа бол дагаж мөрдөх л хэрэгтэй. Үндсэн хууль зөрчсөн ч үйлдэл болж байж болзошгүй. Мөн ЗГ галаа өөр дээрээ үүрэх хэрэгтэй. Юм л бол орон нутаг руу шидээд байж болохгүй.
Миний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ адуутай гэдгээ бичсэн. Гэхдээ хурдан удмынх биш, ах дүүс, хамаатан саднаас бэлэглэсэн морьд" гэв.