Өв соёл нэрээр халхавчилсан зохион байгуулалттай жагсаал болов. Туйлын зорилго нь хаврын морин уралдааныг эргэн сэргээх байв. Тэд зорилгодоо хүрлээ, Засгийн газар нь ч нэгдлээ.
Монголын морин спорт уяачдын холбоо гэх байгууллага олон мянган гишүүнтэй, томоохон хурал цуглаанууд хийдэг хэдий ч туслах малчдынхаа нийгмийн даатгал, унаач хүүхдүүдийнхээ амь насны даатгалд дуу хоолойгоо нэгтгэж шийдвэрлэж болох олон асуудлыг хөндөх нь битгий хэл мэдэх ч үгүй гэхэд хилсдэхгүй.
2024 оны 12-р сарын 3-нд Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурлаа хийж тод манлай уяач Д.Дагвадоржийг Ерөнхийлөгчөөр сонгосон байдаг.
Уяачдынхаа эрх ашгийн төлөө байх нь ойлгомжтой хэдий ч шинэ ерөнхийлөгч Д.Дагвадорж хүүхдийн эрхийн төлөө нэг ч дуугарсангүй.
Тэрээр нүүрсний хулгайд нэр холбогдон шалгагдаж байгаа нэгэн. Тодруулан хэлбэл “Тавантолгой транс” компаниараа дамжуулан 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах дөрвөн удаагийн гэрээг “Таван толгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62 тонн нүүрсийг худалдан авч Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хулгайлж, 373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар хууль бусаар экспортод гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгасан.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй өдийг хүрч байна.
Тарчиг айлын хүүхдүүдийг амьдралын боломжоор нь дээрэлхэж баяр баяслаа хангах нь эд мөнгө, эмээл хазаар, үнэтэй морьдоороо өрсөлдөх баячуудад хамаагүй биз. Боломжтой айл алаг үрээ хэдэн баячуудын тоглоом болгоод хараад суухгүй нь ойлгомжтой. Эрхэм дарга нараа, эрхэм сайд, гишүүдээ өв соёл гэж шүлсээ үсчүүлэхээс урьтаж хүүхдийн эрхэд мэдрэмжтэй хандъя!