Хууль бус цагаачдыг хорих, түр байрлуулахын тулд Гуантанамо дахь цэргийн бааз дээр 30 мянган хүний багтаамжтай цагаачлалын төв байгуулах зарлигт гарын үсэг зурж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. “Гуантанамод 30 мянган хүний багтаамжтай байр бэлдэх даалгаврыг Батлан хамгаалах яам болон дотоод аюулгүй байдлын газарт өгч байна. Гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг тэнд саатуулж, түр хорих болно” хэмээн тэрээр ярьжээ. Кубын Гуантанамо буланд байдаг АНУ-ын тэнгисийн цэргийн бааз нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа “Аль-Кайда” бүлэг болон олон улсын алан хядагчдыг хорих шорон болон хувирсан юм. Тэнд хоригдлуудтай зүй бусаар харьцдаг, тамлан зовоодог хэмээн хүний эрхийн байгууллагууд нэг бус удаа шүүмжилж байв. Батлан хамгаалах яам Америк, Мексикийн хил дээрх хяналт, хамгаалалтыг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай бүх нөөц, бололцоог ашиглана, нэмэлт цэрэг илгээнэ хэмээн Пентагоны тэргүүн Пит Хегсет хоёр хоногийн өмнө мэдэгдсэн. Трамп ч Мексикийн хилийн дагуу босгож буй хана хэрмийг барьж дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн АНУ-ын шинэ засаг захиргаа хууль бус цагаачдыг шүүхээр оруулалгүйгээр шууд нутаг буцаахыг зөвшөөрч, Жо Байдений үед цуцлаад байсан “Мексикт үлдэцгээ” хөтөлбөрийг сэргээж буйгаа зарлажээ.