Ипотекийн зээлийн хүсэлт маш удаан хугацаанд шийдвэрлэгдэж байна гэсэн гомдол иргэдийн зүгээс ихээр ирж буй. Энэ талаар ипотекийн зээл олгож байгаа зарим банкаас тодрууллаа.
2024 оны байдлаар Монгол Улсад 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаар бүртгэгдсэн байна. Эдгээрийн ихэнх нь ипотекийн зээл олгож байгаа ч санхүүжилт эх үүсвэрийн нөөц, шийдвэрлэх хугацаа зэрэг нь харилцан адилгүй байна. Ерөнхийдөө энэ зээлийг олгож байгаа бүх банк 150 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийг 360 сар хүртэлх хугацаагаар олгож байгаа аж. Мөн зээлдэгч нь тухайн банкны санхүүжүүлсэн барилгаас худалдан авч байгаа тохиолдолд давуу тал болно гэдгийг хэлж байна.
Монголын хамгийн олон салбар, үйлчлүүлэгчтэй Хаан банк гэхэд л зээлийн хүсэлт хүлээж авснаас хойш нэгээс хоёр жилийн хугацаанд шийдвэрлэж байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм.
Голомт банкны тухайд, ипотекийн зээлийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгож байгаа гэлээ. Хүсэлт гаргаад, материалаа бүрдүүлж өгснөөс хойш хамгийн хурдандаа гурван сарын дараа зээлийн хүсэлт шийдэгдэж байгаа гэдэг хариулт өглөө.
Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн гурван хотод нийт 17 салбартай Ариг банк бүх салбараар ипотекийн зээл олгож байгаа ч шийдвэрлэлт удаан байгаа аж.
Энэ мэтчилэн банкуудын зээлийн хүсэлт шийдвэрлэх хугацаа харилцан адилгүй байна. Удаашрах гол шалтгаан нь зээлийн санхүүжилтийн эх үүсвэр хангалттай биш, нөгөө талдаа зээл нь өөрөө эрэлт ихтэй байгаад гэж дүгнэж болох юм.
Сүүлийн 11 жилийн хугацаанд 122 мянган өрхөд нийт 7,7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон гэхээр жилд дунджаар 11 мянга орчим өрх хамрагдсан гэж үзэж болох юм. Мэдээж, үүнээс илүү эрэлт зах зээл дээр байгаа ч урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх амаргүй, дээр нь сар бүрийн төлөлтөд орлого нь хүрэхгүй гэх шалтгаанаар ипотекийн зээлд олон өрх хамрагдаж чаддаггүй. Нөгөө талдаа ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр нь хязгаарлагдмал нөөцтэй гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж ирсэн.
Бас нэг анхаарах зүйл нь ипотекийн зээлд хамрагдсан 122 мянган өрхийн 60 хувь нь хоёр дахь болон гурав дахь удаагаа зээлээр орон сууцтай болсон байгаа нь уг зээл яг зорилтот бүлэгтээ төдийлөн хүрч чадахгүй байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр цаашид анх удаа орон сууцтай болох гэж буй гэр хорооллын өрхүүдэд нэн тэргүүнд зээл олгох бодлого хатуу баримталж гэмээнэ хязгаарлагдмал нөөцийнхөө хүрээнд илүү олон айл өрхийг орон байртай болгох боломж бүрдэнэ.
Мэдээж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд бонус босгох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.