Нэгэн цагт Холливудын хамгийн хүчирхэг продюсер явсан Харви Вейнштейн хүчирхийллийн хэргээр шоронд хоригдож байгаа. Цусны өвчин нь даамжирч, биеийн байдал нь сайнгүй байгаа Вейнштейн дөрөвдүгээр сард товлогдсон сексийн хүчирхийллийн хэргийн шүүх хурал нь эхлэхээс өмнө шоронгийн “там шиг нүх”-нээс гаргаж өгөхийг шүүхээс хүсчээ. “Ноён шүүгчээс өвдөг сөгдөн гуйж байна. Би цаашид тэвчиж чадахгүй нь. Шүүхэд найдаж, итгэж байгаа болохоор л шүд зуугаад байж байна” хэмээн тэргэнцэр дээр суугаа 72 настай экс продюсер мэдэгдлээ.
Дөрөвдүгээр сарын 15-ний хоёр дахь шүүх хурал хүртэл Вейнштейнийг батлан даалтад гаргахгүй хэмээн шүүгч Куртис Фарбер шийдвэрлэсэн юм. Нью-Йоркийн Райкер арал дээр хоригдож байгаа экс продюсер шоронгийн нөхцөл байдлыг дундад зууны үеийнх шиг хэмээн гомдоллож байна. Miramax студийн экс захирал Харви Вейнштейн дөрөвдүгээр сард болох шүүх хурлыг аль болох наашлуулах хүсэлт гаргасныг шүүгч Фарбер судалж үзэхээр болжээ.