Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.31 09:12
1538
Ч.Лодойсамбуу: Шүүмжилж үг хэлсэн гишүүнийг элдэвлэж гэр бүлийнх нь бизнесээр нь оролдож байна
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудсаараа дамжуулан улс төрийн хүрээнд өрнөж буй зарим асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрээр "Эсэргүүцэж жагсвал мөрдөж мөшгөнө, шалгаж байцаана, ажлаас нь халуулна. Шүүмжилж үг хэлсэн УИХ-ын гишүүнийг элдэвлэж гэр бүлийнх нь хүний бизнесээр хүртэл оролдож байна. Энэ бол дарамт, дарангуйлал. Засагт хамтарсных олон жил чадаагүй ажлуудаа хийж эхэлж байгаа, зөв. Гэвч хүний эрх, эрх чөлөө гэдэг тэр том төслүүдээс бол хамаагүй үнэтэй шүү!
Засаг төрийг Ю.Цэдэнбал даргаас хойш хамгийн удаан толгойлж байгаа Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилд улсаа ардчиллын индексээр 20 байр, авлигын индексээр 11 байр, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 41 байр ухрааж хурдтай дордуулсан. Эдийн засаг өслөө л гэнэ. 
 
Хилийн гадна нүүрсний үнэ өсөж урд хөрш нэг жилд 80 сая тонн нүүрс худалдаж авсан нь Л.Оюун-Эрдэнийн зол болохоос гавьяа биш. Ахынхаа хар пиараас давж тэр гээд хэлчих олигтой ажил хийгээгүй энэ Ерөнхий сайд Их хуралд 42 суудал авч олуулаа болсон Ардчилсан намын бүлгийн улсаа бодсон шийдвэрийн хүчинд одоо л харин хийсэн ажилтай хүн нэр зүүчих гээд яваа.
 
Хоёр тал болж аваад учир зүггүй байлдаж тоглох гэж биш ажил хийх гэж, сайныг нь дэмнэх гэж улс төрд орсон болохоор урдхаа л хийгээд Засгийн ажлыг тэр энэ гэж нэг их эсэргүүцэхгүй байгаа. Хянах, засах, эрүүл шүүмж өрнүүлэх бүх боломжийг хааж улам хайрцаглаж эмзэглээд дарангуйллаа энэ мэт улам дархлаад байх юм бол огцруулж орхиход тэгж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш шүү дээ.
 
Таван нам, эвслийн 126 гишүүнтэй парламент хамтарсан засаг байгуулаад ажиллуулж чадахаа харчихсан. Дарангуйлагчгүй Засгийн газар босгочхож дөнгөнө. Хүний эрх, эрх чөлөөнд эмзэглэлгүй итгэдэг, ардчиллаа хайрладаг, эвийг эрхэмлээд ажил хийчих хүн олдох л байлгүй дээ" гэжээ.