Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.31 09:25
496
Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй байя сайд нар аа !!!

Хүүхдээ алдсан эцэг,эхийн өнчрөл цөхрөл, харууслыг бид төлж чадахгүй. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд хурдан мориноос унаж амиа алдсан. Энэ бол зөвхөн бүртгэлтэй тоон мэдээлэл. Үүний цаана олон нийтэд мэдэгдээгүй хэчнээн тоо гарч ирэхийг хэлж мэдэхгүй. Хэчнээн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсныг мэдэхээс ч эмээж байна.

52 хүүхдийг амийг Монголын морин спорт уяачдын холбоо төлөх үү, шийдвэр гаргагчид төлөх үү? Харамсалтай нь аль нь ч биш. Монгол Улсад дарга сэтэртнүүд хариуцлага хүлээнэ гэдэг үлгэр... 

Хүүхдийн эрхийн төлөө Монгол Улс ухарсаар байх болно гэдгийг эрхэм төрийн түшээд ил тодоор харуулсаар байна. Стандарт ярьдаг ч стандартаа зөрчдөг, хүүхдийн эрх ярьдаг ч хүүхдийн эрхийг уландаа гишгэдэг сайдууд. Тэд бүгд зохион байгуулалттай жагсаалын талд нэгдэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалах, хөгжлийн төлөөх төрийн оролцоо, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдэд чиглэл өгөх үүрэгтэйг нэхэн сануулъя

С.Амарсайхан "Аймаг орон нутгийн удирдлагуудад урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах эрх мэдлийг нь шилжүүллээ. засгийн газар орон нутагт зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээг ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах эрх зүйн орчин, хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй учраас өөрсдөө хариуцаж зохион байгуулах боломжийг нь бүрдүүлж байгаа. Морин спорт, бөх, шагай харваа гээд бүх арга хэмжээг тухайн орон нутаг нь өөрсдөө зохион байгуулж, стандарт шаардлагуудаа мөрдөнө" гэв. 

Л.Энх-Амгалан "Хаврын морин уралдааныг нээх юм бол хууль бусаар уралдаж байгаа уралдааныг таслан зогсооно. Бид хугацаа заахгүй, гэхдээ гуравдугаар сарын 1-нээс хойш уралдаан зохион байгуулахыг зөвлөнө. Хэрвээ хаврын морин уралдаан зохион байгуулах юм бол заавал 12-оос дээш насны хүүхдээр унуулах ёстой. 

Тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл морь унаж уралдсан хүүхдүүдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлээгүй гэж үздэг. Морь унах тэвчишгүй хөдөлмөр юм бол наадмаар ч гэсэн унуулахаа больё. Хүүхдийн эрх хамгаалдаг манай яамны хувьд 3-р сарын 1-нээс хойш болно гэж үзэж байгаа. Би малын захад өсөж, хурдан морь унаж байсан. Хаврын морин уралдаан Хятадынх болох уу? Өвөрмонголынх болох уу" гэв. 

Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах хуультай, НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцыг хэрэгжүүлэх амлалттай гэдгийг дахин онцлон хэлье. Хүүхдийн эрхийн төлөө хамгийн бага төсөв баталдаг, хүүхдүүдийнхээ хоолноос хүртэл танадаг улс манайхаас өөр хаана ч байхгүй. Стандарт яривал өдөр тутамд амьдрах, амьд явах эрх зөрчигдөж байгаа. Төрийн түшээд нь хүртэл хүүхдийн эрхийн мэдрэмжгүй, хуулийг уландаа гишгэж байна.

Булгийн усыг бохирдуулбал ширгээд алга болдог шиг алаг үрсийн нулимс ширгэсээр байх уу? Гаргасан шийдвэрээ эргэн харах зайлшгүй шаардлагатайг олон нийт харуулсаар, хэлсээр байна!