Шведэд суурьшсан христос шашинтай ирак үндэстэн Салван Момика 2023 онд Коран судрыг хэд хэдэн удаа шатааж муслим шашинтай улс орнуудад эгдүүцэл, эсэргүүцэл өдөөж байв. Тэрээр өчигдөр Стокгольм хотод буудуулж амиа алджээ. Цагдаа нар энэ хэрэгт таван хүнийг сэжиглэн баривчлаад байна.
Момика нийгмийн уур хилэнг өдөөсөн хэрэгт буруутай эсэхийг тогтоох шүүх хурал өчигдөр Стокгольмд болох байсан. “Ноён Салван Момика амь насаа алдсан нь батлагдсан тул шүүх хурлыг хоёрдугаар сарын 3 болтол хойшлуулж байна” хэмээн шүүхээс мэдэгдэв. Зарим эх сурвалж баталж буйгаар, Момика нийгмийн сүлжээнд зориулан лайв хийж байхад нь буудан хөнөөсөн гэж байна. Тэгэхээр түүний аллага бичигдэж үлдсэн байж магадгүй. Тэрээр Салван Нажемийн хамтаар 2023 онд үндэстэн, шашны итгэл үнэмшлийг өдөөн турхирч Коран судрыг дөрвөн удаа шатаасан хэмээн өнгөрсөн наймдугаар сард буруутгагдсан юм. Хоёр этгээд Коран судрыг гутаан доромжилж, муслимуудыг муулж байхдаа ариун судрыг шатаасан хэмээн шүүхэд гомдол ирсны дагуу хэрэг үүсгэсэн байжээ. Энэ хэрэг явдлын улмаас Швед болон Ойрхи Дорнодын хэд хэдэн араб орнуудын харилцаа муудсан юм. 2023 оны зун Иракийн нийслэл Багдад хотод жагсагчид Шведийн элчин сайдын яам руу дайрч галдан шатааж байв. Шведийн тагнуулын алба өнгөрсөн наймдугаар сараас эхлэн аюул заналхийллийн эрсдэлийн зэргийг дөрвөөс тав болгон нэмэгдүүлж, гадаад орнууд дахь төлөөлөгчийн газрын аюулгүй байдал, харуул хамгаалалтаа нэмэгдүүлжээ.