Туркийн эрх баригчид 2025 онд 16-гаас доош насны хүүхдүүдэд Facebook, Instagram зэрэг нийгмийн сүлжээг ашиглахыг хориглохоор төлөвлөж байгааг Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулкадир Уралоглу CNN Türk телевизээр мэдэгдлээ. “16-гаас доош насны манай залуус нийгмийн сүлжээнд битгий ороосой гэж бид хүсэж байна. Тэд нарт энэ ямар хэрэгтэй юм? Тэнд тэд нарт хэрэгтэй юм юу ч байхгүй. Энэ асуудлыг зохицуулах хэд хэдэн арга хэмжээг 2025 онд авах болно” хэмээн сайд ярьжээ.
2024 оны наймдугаар сараас эхлэн Туркт өсвөр үеийнхний тоглох дуртай Roblox онлайн тоглоомыг хориглосон. Мөн Discord хэмээх геймеруудын мэдээлэл солилцооны платформыг хаажээ. Discord нь хар тамхины хэрэглээ, хүүхдүүдийн эсрэг секс хүчирхийллийг сурталчилдаг хэмээн эрх баригчид үзэж байгаа аж.