Нэгдүгээр сарын 31-ны шөнө Вашингтон хотын Рональд Рейганы нэрэмжит нисэх буудлын орчим 60 зорчигч тээвэрлэж явсан American Airlines авиа компанийн нисэх онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн сүйрсэн. Аврах ажиллагааг шуурхай явуулсан ч амьд хүн олдох найдвар тасарчээ. Нисдэг тэргэнд явсан гурав, нисэх онгоцонд явсан 64 хүн бүгд амь үрэгдсэн хэмээн эрх баригчид мэдэгдлээ. Хамгийн сайн хяналт, зохицуулалттай гэгддэг Америкийн нийслэл хотын агаарын орон зайд гарсан ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, нисэх онгоцны хоёр хар хайрцгийг хоёуланг нь олж гаргаж авчээ. Одоогоор 29 цогцсыг голоос гаргаж аваад байна. Хоёр агаарын хөлөг мөргөлдөж сүйрсэн даруйдаа гол руу унасан. Өвлийн голын хүйтэн уснаас амьд хүн олдох найдвар дууссан хэмээн үзэж байгаа аж.
Аmerican Airlines-ийн онгоцонд 16 настай хоёр уран гулгагч Спенсер Лэйн, Жинна Хан нар ээжүүд болон орос дасгалжуулагч Евгения Шишкова, Вадим Наумов нарын хамт явж байжээ. Шишкова, Наумов хоёр 1994 оны уран гулгалтын дэлхийн аварга хос юм.