Украины хямрал гацаанд орж Киев үлэмж хохирол амсахаар болсон хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэв. Украин улс газар нутгаа алдаж, эдийн засаг нь сүйрч, олон иргэн улс орноо орхин гарахад хүрсэн хэмээн тэрээр онцлоод дайн, мөргөлдөөнийг зогсоохын тулд аль аль тал нь буулт хийх хэрэгтэй, Дональд Трампын засаг захиргаа энэхүү буулт, тохиролцоог хийлгэх чадвартай хэмээн ярьжээ. Дайн дуусахгүй үргэлжлээд байвал Украин улс сүйрч, нурна, газар нутаг нь эзлэгдэж багассаар байх болно хэмээн Рубио телевизийн нэвтрүүлгийн үеэр санаа бодлоо илэрхийлжээ.
“Украин 100 жилийн өмнөх рүүгээ эргээд орчихлоо. Эрчим хүчний систем нь устчихлаа. Хэдэн хүн Украиныг орхин гарч гадаадад амьдарч байна? Тэд магадгүй хэзээ ч буцаж ирэхгүй байх. Ерөнхийлөгч Зеленскийд нөхцөл байдлыг зохицуулахын тулд буулт хийхэд хэцүү байх нь ойлгомжтой. Гэвч тэр бодит нөхцөл байдлыг тооцож үзэх хэрэгтэй. Сөргөлдөгч талуудыг яриа хэлэлцээнд уриалж байна” хэмээн Марко Рубио ярилаа. АНУ-ын дипломат албаны тэргүүн Панамд айлчлал хийхээр морджээ.