Шинэ оны тэргүүн сарын сүүлийн долоо хоног улс орон даяар олон үйл явдал өрнөсөн ч mass.mn сайт энэ удаа гурван сэдвийг онцлон, тоймлон хүргэж байна.
Хүүхдийн аюулгүй байдал үнэгүйдэж, өв соёл “ялав”
Өмнөх долоо хоногийн сүүлч, амралтын өдрүүдэд “Монголоороо байя” морьт жагсаалаар эхэлсэн өвлийн уралдааныг дахин сэргээх акц энэ долоо хоногт эрчимтэй өрнөж, лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар уг уралдааныг зохион байгуулах эсэх эрхийг орон нутгийн удирдлагуудад өгснөөр өндөрлөсөн юм.
Эл асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр хэлэлцүүлэг өрнөх үед нийгэм хоёр хуваагдсан. Нэг талдаа “Монголоороо байя, өв соёлоо хамгаална” гэсэн уриагаар “туг” хийсэн уяачид болон тэднийг дэмжигчид байсан бол нөгөө талд нь “Хүүхдийн эрүүл, аюулгүй, амьд явах эрхийг зөрчиж болохгүй. Хүний амиас үнэтэй өв соёл гэж үгүй” хэмээн эсэргүүцэх хүний эрхийг дээдлэгчид байв.
Өв соёл хэмээх “туг”-ны цаана уяачдын амь зуулга, цол чимгийн асуудал нуугдаж, хүүхдийн эрхийг хамгаална гэж тод дуугарсан хэсэг нь өв соёлоо устгах гэлээ хэмээн буруутгагдаж, “хужаагийн эрлийз” нэр хоч зүүгээд амжив.
Энэ бүхний цаана хумсаа нууж үлдсэн нь Засгийн газар. Бүрэлдэхүүнд нь багтах сайд нарын ихэнх нь уяач гэж нэрлэхэд ахдах ч адуу сонирхон цуглуулж бас арилжаалдаг. Тэдгээр сайд болон тэдний хүрээллийнхний лоббид шахагдсан танхимын тэргүүн сурсан технологиороо эхлээд уяач нарыг өөрсдийг нь хөдөлгөж, дараа нь “гал”-ыг орон нутгийн удирдлагууд руу чиглүүлсэн.
Түүний галыг тосож авсан Засаг дарга нараас Өвөрхангай аймаг хамгийн түрүүнд өвлийн уралдааныг хориглосон захирамж гаргаад авсан. Засгийн шийдвэр гарахаас өмнө өвлийн уралдааныг хориглох захирамжаа гаргаад байсан таван ч аймаг бий. Тэд захирамжаа хэвээр үргэлжүүлэх болов уу. Бусад аймаг ямар шийдвэр гаргахыг олон нийт анхааралтай ажиглаж буйг сануулъя.
ХЭҮК-оос өчигдөр /2025.01.30/ хийсэн хэвлэлийн хурлын үеэр 2022-2024 оны хооронд уралдааны үеэр мориноос унаж ойчсоны улмаас 158 хүүхэд хөнгөн, 40 хүүхэд хүнд бэртэж, зургаан хүүхэд амь насаа алдсан гунигт статистикыг дурдсан. Энэ нь зөвхөн өвлийн уралдаан биш улс, аймаг, сумдын уралдаанд хамаарах хэдий ч өвөл хальтиргаа гулгаа ихтэй байдаг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Үүнд, хүний амь, өв соёлын аль нь үнэтэй вэ хэмээн дэнслэх ч шаардлага алга. Зунжингаа улс, аймаг, сумдын наадам, түүхт ой гээд наадан цэнгэдэг манай ард түмэнд адуу эдлэх соёлоо хамгаалж, түгээн дэлгүүрэх, өвлүүлэх боломж хийгээд хугацаа хангалттай бий билээ.
Махны экспортыг хориглов
Засгийн газраас энэ долоо хоногт гаргасан нэгэн анхаарал татсан шийдвэр нь махны экспортыг хориглосон явдал. Хэдийгээр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Сар шинэ болж байгаатай холбогдуулан махны үнэ нэмэгдэж байгаа тул 6 дугаар сарын 1-нийг хүртэл махны экспортыг хориглож байна” гэж тайлбарласан ч угтаа өнгөрөгч өвлийн зуднаар малын тоо толгой их хэмжээгээр хорогдож, махны нөөц багассантай холбоотой шийдвэр болов уу.
Монголчууд 2022 онд 71 сая мал тоолуулж, 15 саяыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж байсан бол 2024 оны эцсээр 57 сая мал тоолуулснаас харахад хоёр жилийн дотор 20 хувиар хорогдсон байна. Үүнээс энэ онд дотоодын хэрэгцээнд зургаан сая, экспортод гурван сая мал хэрэглэхээр тооцоолж байгаа аж. Тэгэхээр махны экспортыг оны сүүлийн хагаст шахаж таарах нь.
Цаашид махны экспортыг нэмэгдүүлэх нь малчдын амьдралд дэмтэй төдийгүй ганц салбараас хараат экспортын орлогыг солонгоруулан нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гэтэл манай эрх баригчид махны квот олгохдоо маш харам. Уг нь жил бүр 200 мянган тн мах бусад орны хэрэглэгчидтэй хуваалцах нөөцтэй шүү дээ.
Нэг хүнд ногдох малынхаа тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг Монгол Улс жил бүр дотоодын хэрэгцээнд 200 мянга орчим тн мах хэрэглэдэг. Илүү гарсан хэсгийг экспортолж ирсэн ч хангалттай биш. Өмнө хэлсэнчлэн зөвшөөрөл өгөхдөө гар татуу, олгож байгаа багахан квотыг нь голдуу гадны, тэр дундаа хятад эзэнтэй компаниуд түүгээд авчихдаг нь ч шүүмжлэл дагуулдаг.
Нөгөөтэйгүүр хүлээн авагч орнууд монгол малын махны эрүүл ахуйн байдалд эргэлзээтэй ханддаг нь ч экспортын хэмжээнд нөлөөлдөг тал бий. Уг нь хамгийн органик тэжээлтэй монгол малын мах дэлхийн зах зээл дээр хамгийн их эрэлттэй байж бас хамгийн өндөр үнээр зарагддаг байх боломжтой.
Махны үнэ ханш мөн маргаан дагуулдаг. Нэг талдаа хэрэглэгчид махаа хямдхан авах сонирхолтой байдаг. Нөгөө талдаа үйлдвэрлэгчид буюу малчид махаа аль болох ахиу үнээр борлуулахыг хүсдэг. Энэ зөрчилдөөнийг дотоодын хэрэгцээнд мах нийлүүлж байгаа компаниуд болон малчдад төрөөс татаас өгч, энэ татаасаа махны экспортын орлогын тодорхой хувийг татан төвлөрүүлэх байдлаар нэгдсэн сан үүсгэн шийдэж болох юм. Харин экспортлох махны үнийг олон улсын зах зээлд нь даатгах хэрэгтэй.
Татварыг тэгш, хүртээмжтэй байлгахыг бизнес эрхлэгчид хүсэв
Энэ долоо хоногт чуулган завсарласан ч гэлээ хаврын чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Төрийн ордонд Аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татварын хуулийн талаар хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.
Татварын шинэчлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд болон иргэдийн зүгээс хамгийн ихээр хөндөж байгаа асуудал бол НӨАТ юм.
НӨАТ-ын тухайд, нэгдүгээрт, хувийг тохиромжтой хэмжээнд хүргэх, хоёрдугаарт, буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, гуравдугаарт, бүх аж ахуйн нэгж жигд төлдөг байх шаардлага тавьж байгаа юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд болон иргэдэд ирэх татварын дарамтыг багасгахаас гадна эдийн засгийг эрүүлжүүлэх эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.
Аж ахуйн нэгжүүдийн орлогыг бүртгэж хянах зорилготой энэ татвар өнгөрсөн хугацаанд татварын орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн ч хамрагдалт тэгш бус, дээр нь буцаан олголтын хувь бага учраас хүчтэй хөшүүрэг болж чадахгүй байгаа зэрэг сул тал бий.
Тиймээс нэг бол бүх аж ахуйн нэгж жигд гэхдээ арваас бага буюу таван хувиар төлдөг болъё эсвэл 50 саяын босгыг нэмэгдүүлж, 300 сая төгрөгт хүргэх хэрэгтэй гэсэн хувилбаруудыг бизнес эрхлэгчид дэвшүүлж буй.
Мөн буцаан олголт өндөр буюу дор хаяж 50 хувь эсвэл бүр 100 хувь болгох юм бол аж ахуйн нэгжүүдийн орлогыг нарийвчлан бүртгэхэд хүчтэй хөшүүрэг болж чадна гэдгийг онцолж байгаа юм. Одоо хэрэгжиж буй хорин хувийн буцаалт нь иргэд заавал НӨАТ шаардах сэдэл төрүүлж чадахгүй, дээр нь сугалаагаар хэдхэн хүн хождог, тэр нь өөрөө хардлага дагуулдаг нөхцөл байдалд буй.
Бас нэг анхаарал татах зүйл, НӨАТ-ын тухай хуулийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна. Үүнд, барилга, байгууламж бол 10 жилээр, тоног төхөөрөмж бол 5 жилээр гэж заасан байдаг. Энэхүү татварын хасалт нь хэтэрхий урт хугацаанд сунжирч байгаа бөгөөд чадан ядан оршин тогтнож байгаа аж ахуйн нэгжүүдэд нэрмээс болж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байв.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд, одоогоор 1, 10, 25 хувь гэсэн ялгаатай татвар үйлчилж буй. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөг дотор багтсан аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авдаг бөгөөд энэ нь цэвэр дүнгээрээ нэг хувийн татвар болдог юм. Мөн орлогыг нь тодорхойлох боломжгүй жижиг бизнес эрхлэгчдээс хялбаршуулсан журмаар буюу нийт орлогын нэг хувиар тооцон татвар авч буй. Харин 1.5-6.0 тэрбум төгрөгийн орлого олсон бол татвар ногдох орлогын 10 хувиар тооцож татвар авдаг. Зургаан тэрбумаас дээш төгрөгийн татвар ногдох орлого олсон компаниуд 600 сая /эхний 6 тэрбумд ногдох татвар/ дээр нэмж, зургаан тэрбумаас давсан орлогод 25 хувиар тооцон татвар авч буй.
Тэгвэл аж ахуйн нэгжүүддээ ийн ялгаатай ханддагийг зогсоож, гарааны таван жилд нэг хувиар тооцдог байх, бусад компаниуд бүгд жигд 10 хувийн татвар төлдөг байя гэсэн байр суурийг зарим бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодоос хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байсан юм.
Харин хувь хүний орлогын албан татварын тухайд, одоогоор 10, 15, 20 хувь гэсэн шатлалтай байгаа. Энэ нь нэг талдаа өндөр ур чадвартай иргэдээ илүү сайн хөдөлмөрлөснийх нь төлөө торгож байгаатай агаар нэг, нөгөө талдаа ажиллах хүчний хомсдол нүүрлээд буй өнөө үед ажил олгогчид аль болох ахиу цалин хөлстэй, өрсөлдөх чадвар бүхий ажлын байр бий болгох гэж чадан ядан зүтгэж байхад дэм болохын оронд хойш чангааж байна хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
Хувь хүний орлогын албан татварыг цалингийн хэмжээнээс үл хамаарч 10 хувь болголоо гэхэд нэг сая төгрөгийн цалинтай ажилтан 100,000 төгрөг, 10 сая төгрөгийн цалинтай ажилтан нэг сая төгрөг татварт төлнө. Тэгэхээр хувь нь ижил ч төлөх дүн нь ялгаатай. Өөрөөр хэлбэл, аль ч тохиолдолд өндөр цалинтай ажилтан илүү их татвар төлж байгаа юм. Үүнд үе үеийн эрх баригчид, “эрдэнэсийн түлхүүр атгагчид” сэтгэл ханадаггүй нь харамсалтай.
Товчхондоо, орлогоос нь хамаарч ялгавартай хандаж байгаа нь тэгш, шударга байх зарчмын эсрэг байгаа юм. Тэгэхээр хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар аль нь ч бай ялгаваргүй, тэгш болгоё, тэр нь 10 хувь байя гэдэг саналыг бизнес эрхлэгчид илэрхийлсээр байна.
Ямартай ч энэ удаагийн татварын шинэчлэл нь аж ахуйн нэгжүүдэд илүү томрох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болов уу гэсэн хүлээлт бизнес эрхлэгчдийн хүрээнд үүсээд байна.
Чухам энэ олон хэлэлцүүлгээс дэвшүүлж байгаа санал санаачилгуудыг хуульд тусгаж, ажил хэрэг болгох эрх нь хууль тогтоогчдод л бий.