Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Б.Алтантулгаас эрүүл мэндийн салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг тодрууллаа.
Тэрээр “1996 онд бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсанаар эрхтэн шилжүүлэх эмчилгээ манай улсад хөгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр бөөр шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг болон шөрмөс шилжүүлэн суулгах баг ажиллаж байна. Мөн Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах, ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. Нэг баг нь жилд дунджаар 50 гаруй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг.
Монгол улсад анх “Донорын тухай хууль” 2000 онд батлагдсан. Түүнээс хойш 2012, 2018, 2020, 2022 онд тус бүр өөрчлөлт орсон.
Донорын хувьд амьд донор, амьгүй донор, цусны донор гэж бий. Амьд донор гэдэг нь өөрийн гэр бүлийн хүнд элэг, бөөр гэх мэт цуллаг эрхтнээ өгөх боломжтой хүнийг хэлнэ. Харин амьгүй донор гэдэг нь тархи нь үхэжсэн, тархинд нь цус харвасан хүнийг хэлдэг. Нэгэнт тархи нь үхэжсэн хүмүүсийн ар гэрийн зөвшөөрлөөр эс, эд, эрхтэн хэрэгтэй байгаа хүмүүст бэлэглэхийг хэлнэ.
Амьгүй донорын гэр бүлтэй уулзана гэдэг хамгийн хэцүү үе.
Гэнэтийн осол болон цус харвалтаар гэр бүлийн хүнээ алдсан шокноосоо гараагүй байх үед нь уулзаж, зөвшөөрөл авна гэдэг хамгийн хэцүү. Гэхдээ бидний ажил учраас уулзаж гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл аваад ойр дотны гурван хүнийх нь гарын үсгээр баталгаажуулдаг.
Манай улсад донороо хүлээх жагсаалтад 1040 гаруй иргэн бий. Хамгийн харамсалтай нь донороо хүлээж байх хугацаандаа амь насаа алдах тохиолдол маш их байна. Жилд дунджаар 10 гаруй хүн хүлээх жагсаалтад байхдаа амиа алдаж байна.
Манай улсад донорын ногоон карттай 2500 орчим иргэн бий.
Донорын тухай хуульд цусны донор болон эс эд эрхтний донор хамтдаа нэг зохицуулалтаар явдаг. Тийм учраас эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг тусад нь боловсруулаад явж байна. Шинэ хуулийн төсөл хэрэгжвэл бусдад амьдрал бэлэглэхийн тулд цаг хугацаатай уралдаж байдаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хуулиар хамгаалах зохицуулалтыг хийж өгсөн" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: