Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хувийн байгууллагын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан гэж мэдэгдэл гаргажээ
Манай компани нь 1998 онд үүсгэн байгуулагдаж гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, “Түмний гурил” нэртэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлсэн. Үүнийзэрэгцээ залуучуудын цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор Кино театр, ресторан, диско баарын чиглэлээр “Эрдэнэс плаза” үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулж ажилласан. 2013 оноос хүнд үйлдвэрийн салбарт Төмрийн хүдрийг нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулж, улмаар 2017 онд Төмрийн хүдрийн “Хорголжин баяжмал”-ын төслийг амжилттай хэрэгжүүлж Монголд анхдагч нойтон баяжмалыг хорголжлох үйлдвэр барьж, орон нутагт 300 гаруй байнгын ажлын байр бий болгон, туслан гүйцэтгэгч, хамтран ажиллагч 2000 гаруй хувь хүн, аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж ирсэн.
Энэ нь Монгол улсын хүнд үйлдвэрийн салбарт анхдагч байгууллага болж, 2017 онд төмрийн хүдрийг хорголжлоход импортын барьцалдуулагч хэрэглэж, олон сая төгрөгийг гадаад улс руу гаргаж байсныг зогсоож, 2018 онд анхны Барьцалдуулагчийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж, өөрийн хэрэгцээгээ хангаж эхэлсэн.
2019 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж АМНАТ-ийн хууль батлагдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингээн ажлын байр бий болгож байгаа үйлдвэрүүдээс давхар АМНАТ ноогдуулах болсонтой холбоотойгоор дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд бүгд АМНАТ-ийн өрөнд орж эхэлсэн. 2020-2023 оны хооронд манайтай ижил төстэй үйлдвэрүүд бүгд үүд хаалгаа барьж олон зуун ажлын байр үгүй болсон ч манай компани нь өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан импортыг орлох бүтээгдэхүүн болох барьцалдуулагч үйлдвэрлэн өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй “Таван толгой түлш” ХХК-д уг бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлт тавьж олон удаагийн туршилт судалгаа хийсний үндсэн дээр лабораторийн туршилтанд орж тэнцсэн. 2023 оны 06 сард Таван толгой Түлш ХХК-с барьцалдуулагч худалдан авах тендер зарласан.
Уг тендерт дотоодын 8 үйлдвэр, импортын 4 үйлдвэрүүд оролцож тендер амжилтгүй болж, 2023 оны 10 сард Таван толгой Түлш ХХК-с дахин 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тендерт оролцсон дотоодын үйлдвэрүүдийг шалган өөрийн үйлдвэрийн хүчин чадалд нийцсэн 3-н компанийг шалгаруулсан. 2024 оны 02 сард хүчин чадалд нийцсэн “Баргил тех” ХХК, “Хангай хан” өндөр ХХК-ы удирдлагуудтай хуралдаж Консерциум байгуулан Таван толгой түлш ХХК-д барьцалдуулагч нийлүүлж эхэлсэн.
Өнөөдрийг хүртэл зах зээлд 27 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр “Барил трейд” ХХК, Төмрийн хүдэр баяжуулах – “Ган хүдэр Орд” ХХК, Төмрийн хүдрийн Хорголжин баяжмал үйлдвэрлэх – “Ган бөмбөлөг Ундрага” ХХК, Нүүрс баяжуулахад хэрэглэгдэх магнетит, Барьцалдуулагч үйлдвэрлэх – “Эрдэнэс ган төмөр” ХХК, Бетон хийцлэл үйлдвэрлэх “Очир ган бетон” ХХК зэрэг компанийг бий болгон ажиллаж байна.
Дотоодын үйлдвэрүүд бид ажлын байраа хадгалж үлдэх гэж ямар их зүтгэж ажиллаж байгааг манай компаний түүхээс харж болно. Мөнгө олоод салбар бүр лүү ороод байгаа биш зах зээлийн шуурганд унахгүй, ажлын байр, сургаж дадлагажуулж бүрдүүлсэн хүний нөөцөө хадгалж үлдэх гэсэндээ чадах бүхий л ажлаа хийж байна.
“Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол”-ийн үеэр төрийн өндөр алба хашиж байсан хүн “Диско баартай компани барьцалдуулагч нийлүүлсэн” зэргээр олон нийтийн сүлжээгээр бичиж, сүүлдээ хяналтын сонсгол дээр хүртэл ямар нэг судалгаагүйгээр ярьж байгаа тул ийнхүү залруулга мэдэгдэл гаргаж байна.