Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.01.31 19:13
485
Онц байдлын дэглэмийг зургаан сараар сунгалаа

Мьянмар улсын (Бирм) Үндэсний батлан хамгаалах зөвлөл хуралдаж онц байдлын дэглэмийг зургаан сараар сунгах шийдвэр гаргав. “Чөлөөт, шударга сонгууль явуулахын тулд энх тайван, тогтвортой байдал Засгийн газарт юунаас илүү хэрэгтэй байна. Ажлын хэмнэлээ алдахгүйн тулд улс орныг удирдагчийн бүрэн эрхийг дахин зургаан сараар сунгаж байна” хэмээн зөвлөлийн мэдэгдэлд онцолжээ. 
Тус улсад онц байдлын дэглэм 2021 оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа. 2020 оны бүх нийтийн сонгуулийн дүнг луйвардсан, худлаа танилцуулсан хэмээн шалтаглаж цэргийнхэн иргэнийн Засгийн газрыг тарааж эрх мэдлийг гартаа авсан юм. Тэр үеийн сонгуулийн дүнгээр эрх баригч “Ардчиллын төлөөх үндэсний нэгдэл” нам ялалт байгуулж байв. 
Мьянмар улс Британийн колончлолоос чөлөөлөгдсөний 77 жилийн ойг угтаж зургаан мянган хоригдолд өршөөл үзүүлнэ хэмээн тус улсын цэргийн эрх баригчид мэдэгдлээ. Мөн бүх насаараа хоригдох шийтгэлтэй 144 хоригдлын ялыг 15 жил болгон өөрчилжээ.