Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.03 10:23
803
Панамын тал Хятадтай санамж бичгээ сунгахаас татгалзлаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гадаад айлчлалаа Панамаас эхлэв. Ерөнхийлөгч Дональд Трамп “Панамын сувгийг Панамын мэдэлд шилжүүлсэн нь том алдаа байсан. Манай шинэ засаг захиргаа тус сувгийг АНУ-ын мэдэлд эргүүлэн авахын төлөө ажиллана” хэмээн нэг бус удаа мэдэгдсэний дараа Вашингтоны дипломат албаны тэргүүн Панамд айлчилсан нь санамсаргүй хэрэг биш хэмээн хэвлэлүүд бичиж байна. 
Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хэлэлцээ хийсний дараа “Манай улс Хятадтай байгуулсан “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд харилцан ойлголцох санамж бичгийн үйлчлэлийг сунгахгүй. Энэ баримт бичгээс татгалзах боломжийг бид судалж үзэх болно” хэмээн мэдэгджээ. Панам, Хятад хоёр 2017 онд харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурж байв. 
“АНУ-ын лидер Дональд Трамп Панамын сувгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” хэмээн Марко Рубио онцолжээ. Хятадын Коммунист намын хяналт, нөлөө Панамын суваг дээр их байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж, сувгийн төвийг сахих гэрээг зөрчиж байна хэмээн америк дипломатч үзэж байна. 
“Нэг бүс-нэг зам” санаачилгыг Хятадын лидер Си Жинпин 2013 оны есдүгээр сард дэвшүүлсэн юм. Энэ нь Зүүн өмнөд Ази, Африк, Ойрхи Дорнод, Европын орнууд руу үнэтэй биш бараа, бүтээгдэхүүнийг хурдан нийлүүлэх хуурай болон далайн худалдааны замыг нэгтгэх санаачилга байсан. Нэгэн цаг үед Хятадыг Төв Азиар дамжуулан Европтой холбож байсан Торгоны замаас санаа авч энэ төслийг нэрлэж байжээ.