Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж 2025 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үүний хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, комиссар Б.Тэрбиштэй ярилцлаа.
-2025 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. АТГ энэ оны төлөвлөгөөгөө хэрхэн харж байна вэ?
Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газар дэд бүтцийн салбар тэр дундаа мега төслүүд дээр анхаарч авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан. Улсын төсвийг 100 хувь гэж үзвэл мега төслүүд 30-40 хувийг эзэлдэг.
2025 онд худалдан авах ажиллагааны төсөв өндөр цөөхөн хэдэн байгууллага бий. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Нийслэлийн харьяа байгууллагууд орно. Нийслэлийн хувьд өнгөрсөн онд 1,6 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагааны төсөвтэй байсан бол энэ онд 1,5 их наядын төсөвтэй байна. Гэтэл нийслэлийн орлого 1,5 их наяд байгаа. Тэгэхээр зарцуулалт дээр хяналт тавьж, авлигаас урьдчилан сэргийлэх чухал. Уг ажлын хүрээнд НИТХ-ын 45 төлөөлөгчид авлигын эсрэг сургалтыг хоёр удаа орсон. Зураг төсөлгүй ажлыг нийслэлийн төсөвт суулгаж болохгүй гэдгийг анхааруулж, төсөв баталж байгаа үед хариуцлагатай байх чиглэлийг өгсөн.
Авлигын эсрэг жил гэж тунхаглачхаад юм хийхгүй яваад байж болохгүй. Тусгайлсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.
-2023 оныг авлигын эсрэг жил болгон зарлаж байсан шүү дээ. Үр дүн ямар байсан бэ?
Монгол улсын Засгийн газраас 2023 оныг анх удаа авлигатай тэмцэх жил болгон зарласан. Одоогоос 10 гаруй жилийн өмнө улс төрчид авлига гэж байх ёстой юм шиг хандлагатай байсан бол одоо өөрчлөгдсөн. Тухайн үед анхаараагүйгээс болж өнөөдөр хохирлын хэмжээ өндөр гарч байна.
АТГ сүүлийн гурван жилийн хугацаанд 3 орчим их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. 3 их наяд төгрөгийн хулгай гарч байна гэдэг бол төсвийн хөрөнгийн захиран зарцуулалт, хараа хяналт муу байна гэсэн үг.
Өнгөрсөн жил гэхэд 13,9 сая доллар гадагшаа гарсан байсныг буцаан төвлөрүүлсэн.
2023 онд авлигын эсрэг жил болгосноор Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг дээр авлигатай тэмцэх ялын бодлого чангарсан.
Жишээлбэл улсад 10 сая төгрөгийн хохирол учруулсан бол хохирлоо бүрэн барагдуулаад, нэмэлт торгууль төлдөг. Торгуулийн ялыг гэм буруугаа өөрөө ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг.
Ялын бодлого чангарсантай холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага 20 жил болсон. Мөн нийтийн албанд ажиллах эрхээ бүх насаараа хасуулж байгаа.
-Нэгэнт учирсан хохирлыг харагдуулах АТГ-ын ажил гэж хэллээ. Тэгвэл гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
Манайх өмнө нь видео контент хийж түгээдэг байсан бол сүүлийн гурван жил дэд бүтцийн салбарт Австралийн аргыг ашиглаж байгаа. Хэд хэдэн томоохон төслийн багуудтай уулзаж, хяналт тавьсан. Дараа нь асуудал ярих биш, асуудал үүсэхээс нь өмнө томоохон төслүүд дээр хяналт тавьж, зөвлөгөө өгөөд явж байгаа.
Энэ жил газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил дээр анхаарч ажиллана.
-Өнгөрсөн тав дахь өдөр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн. Ямар чиглэлд илүү анхаарах вэ?
Авлигатай тэмцэх газар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтраад зургаан ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний хоёр ажил нь урьдчилан сэргийлэх, дөрвөн ажил нь олон нийтэд авлигын хор хөнөөлийг таниулах юм.
Мөн энэ онд үндэсний контентыг гаргах ажлыг эхлүүлэх зорилготой байна.
Шууд дамжуулалтыг үзэх: