Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.04 09:44
5334
Г.Батцэнгэл: Тавантолгой түлш компанид 150 тэрбум төгрөгийн үнэ бүхий мидлинг үнэгүй нийлүүлсэн

"Энержи ресурс" компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Батцэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Танай компанийг Тавантолгой түлш компанид чанар муутай мидлинг буюу эрчим хүчний нүүрсээ нийлүүлдэг болсон гэх яриа гарах боллоо. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу? 

Улаанбаатар хотын агаарын бохирдол маш олон жил үргэлжилж байна. Нүүрсний чанартай холбоотой асуудал зөвхөн өнөөдөр яригдаад байгаа зүйл биш. Анх шахмал түлшийг хэрэглэж эхлэхэд ойролцоогоор Улаанбаатар хотын иргэд жилдээ 300 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан юм байна лээ. Одоо 500 мянган тоннд хүрсэн. Хэмжээ нь өсөхөөр утаан нэмэгдэнэ, үүнтэй ч холбоотой байх. 

Нүүрсний чанарт ямар нэгэн зарчмын өөрчлөлт гараагүй, гадаад дотоодын харилцагчдадаа нийлүүлж байна. 6600 ккал илчлэгтэй сайн чанарын нүүрс.  Ковидын үед шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр баригдсан.

Тухайн үеийн худалдан авалтын хязгаарлалттай нөхцөл байдлаас үүдэж тоног төхөөрөмжийн шийдэл, техник технологийн шийдлүүд нь оновчтой байсан уу гэдгийг судалж үзэх ёстой. 

Хатаалтын процесс сайн явагдах ёстой. Өвөл үйлдвэрлэж байгаа түлш хатаалтаа сайн авч чадахгүй түлэгдэхгүй байна гэдэг гомдлууд гарч байсан шүү дээ. 

Танай компани мидлинг буюу эрчим хүчний нүүрсээ орон нутгийн иргэдэд нийлүүлдэг шүү дээ. Иргэд ямар санал гомдол хэлдэг вэ? 

Манайх Өмнөговь аймгийн зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй нийлүүлдэг. Энэ ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Тортог багатай, илчлэг сайтай байгааг илэрхийлдэг.

Тавантолгой түлш компанид мидлинг үнэгүй нийлүүлснээрээ улсад төлөх ёстой татваруудаас зайлсхийж чаддаг гэдэг хардлага байна? 

Энержи ресурс компанийн зүгээс Тавантолгой түлш компанид 2018 оноос хойш 3 сая тонн нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлсэн байна. Тооцоолоод үзвэл 150 тэрбум гаруй төгрөгийн өртөг болж байгаа юм. Бид хэдий үнэ төлбөргүй нийлүүлж ямар нэгэн борлуулалтын орлого олоогүй ч гэсэн МУ-ын хууль тогтоомжийн дагуу НӨАТ, АМНАТ гээд бүх татваруудыг давхар төлдөг.

150 тэрбум төгрөгийн бараа материал үнэгүй нийлүүлсэн гэхэд дагалдах татварууд нь миний тооцооллоор 20 орчим тэрбум төгрөг болсон байгаа. Ачилтыг нь манайх үнэ төлбөргүй хийж өгдөг. Энэ нь бас 5-6 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарч байгаа.

Хууль тогтоомжийн хүрээнд 24 аж ахуй нэгж агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгддөг. Энэ бол хуулийн дагуу л явагдаж байгаа процесс.  

Цаашид танайх Тавантолгой түлш компанид мидлинг нийлүүлэх үү? 

ТТТ компанийн хувьд гэрээ нь 2018 онд зурагдаад 2023 онд дуусах байсан. Хотын удирдлагуудын удаа дараагийн хүсэлтээр 2024 оны эцэс хүртэл бид нийлүүлэлтээ хийгээд явсан. Манайх сайн муугаар хэлүүлсээр зорьсон ажлаа гүйцэтгэсэн. Бид харамсдаггүй, ажил хийж байгаа хүн хэзээд зэмлүүлж байдаг. Мушгиж гуйвуулж байгаа хүмүүс олон байдаг. Манай компанийг ингэж харлууллаа гээд дараа дараагийн компаниуд нийгэмд иймэрхүү ажил хийхээсээ эмээх хандлага гарч ирнэ гэж боддог. 

Энержи ресурс компани 2024 онд хэчнээн хэмжээний нүүрс экспортолсон бэ? 

Манай компанийн хувьд 2023 онд 15 сая тонн, 2024 онд 15 сая тонн орчим түүхий нүүрс олборлосон. Үүнээс 50 орчим хувь буюу 7 сая тонн орчим коксжих нүүрс гаргасан бол эрчим хүчний нүүрс 2-оос 3 сая тонн орчим нийтдээ 10 сая тонн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлээд явж байна.

Нүүрсний үнэ буурсаар байна. Цаашид өөдрөгөөр харах боломж байна уу? 

Өнгөрсөн жил манай улс түүхэндээ анх удаа 80 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Нүүрс бол нийт экспортын 60 хувийг эзэлж байна. Нүүрсний салбарт төр болон хувийн хэвшлийн оруулж буй үр өгөөж бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оршиж байгаа. 

Нүүрсний салбар хамгийн том жин дарж байгаа. Нүүрсний үнээс хамаараад манай эдийн засаг, валютад шууд нөлөөлнө.

Нүүрсний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 30 гаруй хувиар буурсан байгаа. Төсөв гаргахдаа эрсдэлээ тооцох хэрэгтэй. Төсвийн орлого дээр эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Олон улсын харилцаа амаргүй байна. Манайх шиг эмзэг эдийн засагтай улс нэгэн зүгт харж, төр засгийн олон талт харилдаа дээр нэг бодлого зангидаж явах шаардлага байна. 

Хамтарсан ЗГ байгуулаад том том төслүүдээ хөдөлгөөд явж байна. Дараа дараагийн том төслүүдээ явуулаад эдийн засгаа чирч авч гарах хэрэгтэй. Төр, хувийн хэвшил хамтдаа, Монголчууд хамтдаа л байх хэрэгтэй. Олон улсын харилцаа сүүлийн жилүүдэд маш өндөр түвшинд явж байна. 

Улс төрийн лобби хувийн хэвшилд хэр нөлөөлж байна вэ? БНН-ын дарга Б.Жаргалсайхан танай компанид хариуцлага хүлээлгэх ёстой гэж ярьсан энэ тал дээр юу хэлэх вэ? 

Хүмүүсийн байр суурийг ойлгох хэрэгтэй. Б.Жаргалсайханы хувьд бол саяхан манай компанийг тойроод Хятадуудад нүүрс зуучилмаар байна, нүүрсээ өгөөч гээд явж л байсан. 

Ашигт малтмалын хуулиараа төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ биржээр борлуулах үүрэгтэй. Биржээр "Энержи ресурс" компани хамгийн их бүтээгдэхүүнийг борлуулсан аж ахуй нэгж, төр засгийн бодлогоо дэмжсэн. 

Хувийн хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас өш санасан юм байлгүй гэж л бодож байна. 

Хил холболтын төмөр замтай холбоотой асуудлын хувьд байр сууриа байнга илэрхийлж байгаа. Хил холболтын төмөр зам чухал шүү гэдгийг манайх тоть шиг давтан хөндсөөр ирсэн. Энэ бол нүүрс экспортлогч бүх компаниудад эерэг нөлөөтэй. Үүнийг эсэргүүцэх ямар ч үндэслэл байхгүй.  Бид монголчуудынхаа нийтлэг эрх ашигт нийцсэн хариуцлагатай бизнес эрхлэхийг л зорин ажилладаг. 

Ярилцсанд баярлалаа.